“Шударга ёсны шагнал-2009”-д нэрээ дэвшүүлэхийг урьж байна /2009.11.11/
НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Шударга ёсны шагнал-2009” арга хэмжээ юм.
Нийгэмд шударга ёсны үнэ цэн, үлгэр дуурайллыг бий болгох зорилгоор санаачилсан “Шударга ёсны шагнал”-ыг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд “Шударга ёсны элч”-ээр Санжаасүрэнгийн Зориг агсныг тодруулж, “Шударга үнэний дуу хоолой” төрөлд “Ийгл” телевиз, “Олон нийтийн манлайлал” төрөлд Өвөрхангай аймгийн Орон нутгийн санаачилга төрийн бус байгууллага, “Авлигаас татгалзсан хамт олон” төрөлд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс тус тус шалгарч байв.
Дэлхий дахинаа нэр хүндтэй “Транспэрэнси интернэшнл” байгууллагын “Шударга ёсны шагнал”-ын шинж чанарыг хадгалсан шагналын төрлүүдэд нэрээ дэвшүүлэх эрх төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй юм байна. Шагналд нэрээ дэвшүүлэхийн тулд байгууллагын товч танилцуулга, шагналд тодорхойлсон албан бичиг, шагналын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа болон нэр дэвшүүлж буй үндэслэлийг тайлбарлан бичсэн тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх ёстой ажээ.
“ШУДАРГА ЁСНЫ ШАГНАЛ-2009”
ХЭН НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ БОЛОХ ВЭ?
“Шударга ёсны шагнал-2009”-д нэрээ дэвшүүлэх төрийн байгууллагууд дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна:
- Хүнд суртал, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг бий болгох талаар бодитой ажил төлөвлөж хэрэгжүүлсэн байх
- Хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилгээний хэв дадлыг жишиг болгосон байх
- Хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилгээний хэв дадал нь бусад төрийн байгууллагад загвар болох боломжтой байх
“Шударга ёсны шагнал-2009”-д нэрээ дэвшүүлэх төрийн бус байгууллагууд дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна:
- Авлигын эсрэг идэвхтэй, олон талт үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг байх
- Үйл ажиллагаа нь олон нийтийг хамарсан бөгөөд тогтмолжсон байх
- Авлигын эсрэг үйл ажиллагаа нь улс төрөөс ангид байх
- Олон нийтийг хамарсан авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг мониторингийн дүгнэлтээр баталгаажуулсан байх.
“Шударга ёсны шагнал-2009”-д нэрээ дэвшүүлэх хэвлэл, мэдээллийн байгууллагууд дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна:
- Авлигын нийгмийн хор аюул, үр дагаврыг олон нийтэд ухуулан таниулсан тогтмол булан, тодорхой хугацааг хамарсан аян, хэлэлцүүлэг зохион байгуулсан байх
- Авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийг уриалан дуудсан шинж чанартай нийтлэл, нэвтрүүлгийг редакцийн зүгээс бэлтгэн олны хүртээл болгосон байх
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд тогтмол сурталчлан таниулдаг байх
- Нийтлэл, нэвтрүүлэг нь улс төрөөс ангид, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн байх.