Apr 01, 2020         3

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 87 гомдол хянан үзэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2020 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 87 гомдлыг хянан үзсэнээс 9 гомдлыг шийдвэрлэж, одоо 77 гомдлын үлдэгдэлтэй байна. Хяналт шалгалтын явцад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байдал тогтоогдсон тул хуулийн хэрэгжилтийг хангах албан бичиг хүргүүллээ. Үүнд:

  • Сүхбаатар дүүрэгт мэдээлэл, сурталчилгааны дэлгэц худалдан авах тендер сонгон шалгаруулалт явагдаж, гэрээ байгуулсан ч бараа, бүтээгдэхүүнийг одоо хүртэл хүлээн авч суурилуулаагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байна. Тиймээс дүүргийн хэмжээнд дээрх зөрчлийг дахин гаргахгүй байх, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж авсан арга хэмжээний талаар Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 10-ны дотор Авлигатай тэмцэх газарт хариуг ирүүлэх албан бичгийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд,
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй аж ахуйн нэгжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг зөрчин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газрын хэмжээг нь нэмэгдүүлэн 2018.06.18-ны өдөр олгосон болох нь тогтоогдсон. Иймд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн нийтлэг үүргийг болон нийтийн албанд тавигдах бусад хориглолт, хязгаарлалтыг мөрдөх, иргэний гомдол, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлэх, Газрын тухай хууль, тогтоомжид заасан үндэслэлийн дагуу холбогдох шийдвэрийг гаргаж мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод болгох арга хэмжээг авч 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдэх албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус хүргүүлсэн байна.

Энэ мэтчилэн зарим байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажиллагаа хангалтгүй байгаагаас хамаарч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Авлигатай тэмцэх газарт удаа дараа гомдол мэдээлэл гаргах нөхцөлийг бүрдүүлж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us