Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй 297 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ /2009.10.15/
Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасны дагуу төрийн алба хашиж буй албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хадгалан хяналт шалгалтын ажиллагаа явуулан, олон нийтэд мэдээлдэг билээ.
2007 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш улсын хэмжээнд нийт 53016 албан тушаалтны гурван жилийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн авч, хуульд заасны дагуу ажиллаж байна. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газар төв, орон нутаг дахь төрийн байгууллага, түүний салбар, нэгж, нутгийн өөрөө удирдах ёсны бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн бус байгууллага зэрэг нийт 1190 байгууллага, салбар нэгжид хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн хадгалах ажлыг хэвшүүлэн зохион байгуулж амжжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө, орлогын мэдүүлгийг авах тогтолцоо Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийг хамарч чадсан гэсэн үг аж.
Өнгөрсөн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан нийт 297 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан хариуцлага тооцуулсан байна. Дашрамд дурдахад, Авлигатай тэмцэх газар нь хөрөнгө, орлогоо мэдүүлэхэд алдаа зөрчил гаргасан албан тушаалтныг ажлаас халах, хариуцлага тооцох шууд эрх мэдэл байдаггүй ажээ.