“Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулав
2019 оны 11 дүгээр сард батлагдсан төлөвлөгөөний дагуу НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/-ын мэргэжилтэн Найжел Марк Бартлет, Жонатан Паo Бэнтон нар Авлигатай тэмцэх газарт шинээр томилогдсон мөрдөгчдөд “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт анхан шатны дотоод сургалтыг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/-аас гадна Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөгч мэдээлэл, танилцуулга хийж, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын зөвлөх нийт 6 өдрийн турш санхүүгийн профайл үүсгэх, нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах зэрэг сэдвээр хичээл заав.
Энэ нь санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт бөгөөд 2020 онд “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” /StAR/-ын зүгээс уг сургалтыг анхан, дунд, ахисан түвшний шатлалтайгаар зохион байгуулна.
АТГ нь 2010 онд Дэлхийн банктай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-тай хамтран Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны анхан болон ахисан түвшний сургалтыг 2013 оноос тогтмол зохион байгуулж байна.