Газрын тосны газрын хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан байна/2009.09.09/
Авлигатай тэмцэх газраас хуучин нэрээр Ашигт малтмалын газрын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ажил явуулж, нийт 264 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан бөгөөд үүнээс 34 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж, Газрын тосны газрын 5, Ашигт малтмалын газрын 3 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ хууль зөрчиж, худал мэдүүлснийг тогтоосон.
Хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан тоотын хариуг Газрын тосны газраас өчигдөр ирүүлсэн байна.
Газрын тосны газрын даргын 2009 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 77 дугаар тушаалаар хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ зөрчил гаргасан тус газрын мэргэжилтэн С.Энхбат, Ц.Төгс, Д.Дэмбэрэлням, Ч.Наранцэцэг, А.Бадарч нарын таван мэргэжилтэнд албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулснаа хариу мэдэгдэлд дурьджээ.
Газрын тосны газрын дээрх 5 албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ гаргасан зөрчил нь Авлигын эсрэг хуулийн 13-р зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан “...санаатай худал мэдүүлсэн...” гэдэг агууллагад хамаарахгүй тул гаргасан зөрчилд нь арга хэмжээ тооцуулахаар албан тоотыг Газрын тосны газарт хүргүүлсний дагуу ийм хариуцлага тооцсон байна.