АТГ Ази, Номхон далайн бүс нутгийн авлигын эсрэг хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байна/2009.09.15/
Филиппин улсын Манила хотноо 2009 оны есүгээр сарын 8-10-ны өдрүүдэд “Азийн Хөгжлийн Банк-Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын Ази Номхон Далайн Бүс Нутаг дахь Авлигын эсрэг санаачилга” олон улсын байгууллагын удирдах бүлгийн 14 дэхь удаагийн уулзалт болон “Авлигын Улс Төрийн Эдийн Засаг” сэдэвт бүс нутгийн семинар боллоо.
Дээрх олон улсын байгууллагын Нарийн бичгийн дарга нарын урилгаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа уг уулзалт семинарт оролцож, “Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газрын бие даасан хараат бус байдлын эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрээр, илтгэлдээ Монгол Улс дахь харьцангуй өндөр түвшинд хөгжсөн ардчилал, Монгол Улсын парламентын бүгд найрамдах засаглалын хэлбэр, засаглал хуваах болон засаглалын салбаруудын хооронд харилцан хяналт тогтоох зарчим харьцангуй амжилттай хэрэгжиж буй байдал зэрэг нь тодорхой албан тушаалтан, байгууллага, улс төрийн хүчний зүгээс Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөхөөс урьдчилан сэргийлж буй таатай үндсэн нөхцлүүд болох талаар дурьдсан нь тус арга хэмжээнд оролцогчдын зүгээс өндөр үнэлгээ авсан.
“Азийн Хөгжлийн Банк-Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын Ази Номхон Далайн Бүс Нутаг дахь Авлигын эсрэг санаачилга” олон улсын байгууллага нь нь Австрали, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Япон зэрэг 28 орныг хамарсан Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамгийн том авлигын эсрэг хамтын ажиллагааны хэлбэр бөгөөд Дэлхийн Банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Транспэрэнси Интернешнл зэрэг нэр хүнд бүхий найман олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн зөвлөх бүлэг үйл ажиллагааг нь дэмжиж ажилладаг байна. Тус олон улсын байгууллагын удирдах бүлгийн энэ удаагийн хуралдаанаас 2009 оны 11 дүгээр сард Катарын Доха хотноо зохион байгуулах НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид оролцогч орнуудын бага хурлын 3 дугаар чуулганд хандаж тодорхой асуудлуудаар уриалга хүргүүлэх шийдвэр гаргасан байна.