Б.Батзориг: Төрийн албаны шударга байдал гэж юуг хэлэх вэ? /2009.09.16/
Авлигын эсрэг хуулийн 18.1.7-д Төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд хоёр жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлнэ гэж заасан. Хуулийн энэ заалтыг Авлигатай тэмцэх газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэхээсээ өмнө “Төрийн байгууллагын шударга байдал” гэж чухам юуг хэлэх вэ гэдгийг монгол хэл, хуулийн салбарын эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцлээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг дараах мэдээллийг өгч байна.
-Шударга байдал гэдэг нэр томъёог хэрхэн ойлгох талаар эрдэмтэн судлаачидтай хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг өгнө үү?
-Авлигатай тэмцэх газар нь төрийн үйлчилгээ авсан иргэд байгууллагын судалгаанд тулгуурлан Төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутам үнэлгээ гаргаж олон нийтэд мэдээлэх гэсэн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шаардлагатай туршилт судалгаа хийх, гадаад дотоодод хийгдэж байсан судалгааны ажилд дүн шинжилгээ хийж байгаа.
Судалгааны аргачлал боловсруулах, туршилт судалгааны явцад төрийн байгууллагын шударга байдал тэр дундаа шударга байдал гэдэг хуулийн нэр томъёог хэрхэн хэрэглэх талаар нэгдсэн ойлголттой болох шаардлага гарсан. Тэгээд бид шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Д.Төмөртогоо академичид энэ талаар хандахад тэрээр хүлээн авсан. Тус хэлэлцүүлэгт академич Д.Төмөртогоо, гавъяат багш Сүхбаатар, доктор Гэрэлмаа, Баярсайхан, Заяабаатар нарын хэл судлалын эрдэмтэд, гавъяат хуульч, доктор Б.Чимэд, улс төрийн ухааны доктор Төртогтох нарыг урьж оролцуулан шударга байдал гэдэг үгийг хэрхэн ойлгох талаар хэл судлалын болон хууль зүйн шинжлэх ухааны талаас нь авч хэлэлцсэн юм.
-Авлигын эсрэг хууль батлахаас өмнө энэ заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаас нь нарийвчлан зохицуулаагүй байсан уу?
-Б.Чимэд багшийн “Манайхан хуулиа сайтар судлалгүйгээр хам хум хийдэг, тэгээд тэр хуулийг нь хэрэгжүүлэх гэхээр асуудал үүсдэг” гэсэнтэй санал нэг байна. Сайтар боловсрогдсон аргачлалын дагуу хийгдсэн судалгаанд тулгуурлалгүй хийгдсэн ямарваа ажил буруу үр дүнд хүрэх, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр зарцуулахад хүргэдэг гашуун туршлага хууль хэрэгжүүлэх практикт багагүй ажиглагдаж, илрэл нь салбарт бүрт ямар нэг хэмжээгээр харагддаг. УИХ-ын дэргэд судалгаа шинжилгээний том баг ажилладаг болсноор энэ алдаа дутагдал давтагдахгүй байх боломж бүрдсэн.
-“Шударга байдал” гэдэг нэр томъёог тайлбарласнаар ямар ач холбогдолтой юм вэ?
-Бидний эрдэмтэн судлаачидтай хамтран хийж байгаа тайлбар нь албан бус тайлбар шүү дээ. Албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүх гаргадаг. Тэгэхээр хууль хэрэгжүүлэх практикт буруу ярьж зөв ойлгоно гэж байж таарахгүй. Өөрөөр хэлбэл шударга байдал гэдгийг тогтсон нэг байдлаар ойлгож хэрэгжүүлэх ёстой. Хуулийн заалтыг хэрэгжүүлэн ямар нэгэн хүндрэл, маргаан үүссэн хойно нь бус хэрэгжүүлэхээс өмнө нэг мөр ойлгох ёстой л доо. Уул нь хууль батлагдаад хэрэгжээд эхлэнгүүт бүх заалтууд нь ямар нэгэн хоёрдмол утгагүйгээр, шууд хэрэгжиж эхэлдэг. Манайд болохоор ямар ч байсан хуулиа баталчихъя дараа нь алдаа гарвал засъя гэдэг үзэл давамгайлаад байдаг юм болов уу. Алдаа гарна гэдэг нь хуулийн заалт хэрэгжихгүй юм уу эсхүл зөрчигдөнө гэсэн үг шүү дээ. Нэг талаар цаг алдалгүй нийгмийн харилцааг хуулиар зохицуулах нь зөв ч энэ байдал даамжирвал хуулийн нэр хүнд унаж Монголын хууль гурван хоног гэдэг нь сонгодог утгаар хэрэгжвэл эрийн дээд төр, төрийн дээр хууль байхаа болих байхаа.
Эрдэмтэн судлаачид хэлэлцээд “шударга байдал” гэсэн үгийг Монгол Улсын Үндсэн хуулийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалттай нягт уялдуулан шударга ёсны зарчим төрийн байгууллагуудад хэрхэн хэрэгжиж байгаатай холбон тайлбарлах нь зүйтэй гэж зөвлөсөн.