Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигын эсрэг орчин, үйл ажиллагааг үнэлсэн тайлангаа танилцуулж байна
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний Истанбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын авлигын орчинд судалгаа хийж, тайлан, зөвлөмж гаргасан байна.
Энэ удаагийн тайлангаар авлигын эсрэг бодлого, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтээс гадна улс төрийн намын санхүүжилтийн асуудалд илүү анхаарал хандуулжээ.
Улс төрийн намын санхүүжилтэд гарч болзошгүй дээд түвшний авлигын эрсдэлийг шийдвэрлэх талаар багц зөвлөмж бүхий дэлгэрэнгүй судалгааг тайланд оруулсан байна.
Өнөөдөр /2019.07.29/ мониторингийн тайлангийн дүнг төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж байна.
Уулзалт хэлэлцүүлгээр тайлангийн бүлэг тус бүр дээр хийсэн дүгнэлт, түүнтэй холбоотойгоор төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын түншүүдийн зүгээс холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний талаар санал солилцох юм. Энэ хүрээнд техникийн туслалцаа шаардлагатай байгаа салбар чиглэлийг тодорхойлж, Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа олон улсын түнш нараас үзүүлэх дэмжлэгийн талаар ч хэлэлцэх юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн европ, төв Азийн Авлигын эсрэг сүлжээ нь 2003 оноос эхлэн бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх эрх зүйн орчин, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, тайлан зөвлөмж гаргах, зөвлөмжийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж байна.
Гишүүн орнуудын авлигын эсрэг шинэтгэлийн арга хэмжээнд харилцан үнэлгээ хийх замаар дэмжлэг үзүүлж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон бусад олон улсын стандарт, сайн туршлагыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, оролцогч улсуудын холбогдох зөвлөмжийн хэрэгжилтэд мониторинг хийдэг аж.
Монгол Улсын хувьд 2013 онд Авлигын эсрэг сүлжээнд элсэн орсноос хойш Истанбулын Авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний хяналт, үнэлгээнд хамрагдаж эхэлсэн юм.
Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийхэээс гадна өмнө нь өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний Ажлын албаны зөвлөх Андрей Кухарук “Бид өмнөх 2015 оны хяналт, шинжилгээгээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Хэрэгжилт тааруу үнэлэгдсэн. 19 зөвлөмж өгснөөс 5 нь хэрэгжээгүй, 12 зөвлөмжийг хэсэгчлэн хэрэгжүүлсэн, зөвхөн 1 зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэй байна. Энэ 4 дэх удаагийн хяналтаар 29 зөвлөмж өгч байгаа, 27 нь шинэ, 2 нь өмнөх хяналт шинжилгээний зөвлөмж юм. Энэ чиглэлээр олигтой ажил хийгдээгүй учраас дахин зөвлөмжөө өгч байна.
Авлигын эсрэг бодлогын хувьд Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсаныг сайшааж байна. Ийм баримт бичиг батална гэдэг нь авлигатай тэмцэх улс төрийн эр зориг байна гэсэн үг. Мөн төрийн үйлчилгээг ил тод цахим хэлбэрт оруулах тал дээр Авлигатай тэмцэх газар санаачилагатай ажиллаж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаас хүндрэл байна. Тухайлбал, судалгааны ажлууд өргөн хүрээнд хийгдэж байгаа ч бодитойгоор ашиглагдахгүй байна.
Авлигатай тэмцэх газрын ажлын үр дүн сайжирч байгаад ч тус газрын өдөр тутмын үйл ажиллагаанд янз бүрийн бэрхшээл тулгарч байгааг цохон тэмдэглэхээс аргагүй байна. Тухайлбал, нөлөө бүхий бүлэглэл, хүчнүүдээс үүдэлтэй улс төрийн дарамт шахалт, төрийн байгууллагуудын зүгээс тус байгууллагад шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй байна” хэмээв.
Монгол Улсын авлигын эсрэг орчинд хийсэн судалгааны тайлан, зөвлөмжийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Маргааш буюу 2019.07.30-ны өдөр 11.00 цагаас хэвлэлийн хурал хийж тайланг олон нийтэд танилцуулах юм байна.