Jun 06, 2019         3

Ёс зүйн дүрмийн төслүүдийг хянаж хариу өгөв

Тухайн салбарын болон байгууллага, мэргэжлийн онцлогт тохирсон ёс зүйн дүрмийг батлан, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгт холбогдох эрсдлийг бууруулах өндөр ач холбогдолтой байдаг.

Төрийн байгууллагууд Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-д заасны дагуу тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө Авлигатай тэмцэх газраас санал авах үүрэгтэй. Энэ хүрээнд 2019 оны 4, 5 дугаар сард Хил хамгаалах ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг байгууллагуудаас ёс зүйн дүрмийн төсөлд санал авахаар ирүүлснийг хянаж холбогдох хариуг хүргүүлэв.

Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор болон Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Дээрх заалтын дагуу Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдөж байна. Уг дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “...тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно” гэж заажээ. Зарим төрийн байгууллагуудын ёс зүйн дүрмийн төслийг хянан үзэхэд тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн шинж, онцлогийг тусгахгүйгээр хэт ерөнхий, хүлээлгэх хариуцлага болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх талаар тодорхой дурьдаагүй, хэрэгжүүлэхэд хийдэл үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн байгааг анхааруулж, дахин боловсруулах тухай хариуг өгсөн байна.

Иймд төрийн байгууллага бүр ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлэхдээ Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд нийцүүлэн тухайн салбар, байгууллагын онцлогийг тусган боловсруулж байх шаардлагатай байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us