Т.БАЯРХҮҮ: ХЯСАН БООГДУУЛСНЫ УЛМААС АРГАГҮЙ БАЙДАЛД ОРЖ ХАХУУЛЬ ӨГСӨН ИРГЭД АЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛСОН
Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, бусдад хахууль өгсөн хэргээ сайн дураараа илчилсэн иргэнийг ялаас чөлөөлж, авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээх талаар Эрүүгийн хуульд заасан. Хуулийн зохицуулалтын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулав.
-Хуулийн энэ зохицуулалтын талаар тайлбар өгөхгүй юу?
-Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Товчхондоо иргэн тухайн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдээд, мөн энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад илчилж, мэдэгдсэн бол ялаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Ялаас чөлөөлөхийн зэрэгцээ хахууль өгч авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэж тайлбарлаж болно.
-Энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа юу?
-Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Уг шүүхийн шийдвэрийг анхааралтай уншиж үзвэл иргэн “Г”, “Ч”, “М”, “Б”, “О” нарын 5 хүнийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэднийг ялаас чөлөөлсөн байгаа.
-Өмнө нь ингэж ялаас чөлөөлөгдсөн тохиолдол бий юу?
-2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэ зохицуулалт. Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мэдээлэх олон нийтийг хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий энэ зохицуулалтаар ялаас чөлөөлөгдсөн тохиолдол анхных нь. Өнөөдөр тодорхой хэрэг дээр энэ заалт хэрэгжиж сайн дураараа илчлэн ирсэн нэр бүхий иргэд ялаас чөлөөлөгдсөн. Тиймээс албан тушаалтны хясан боогдуулан хахууль авсан үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад илчлэн ирэхээс айх шаардлагагүй болсон гэдгийг онцолж хэлэх гэсэн юм.
Өгсөн, авсан нь хоёулаа буруудна гээд бусдын эрхийг хязгаарладаг, төрийн үйлчилгээ үзүүлэхгүй хясан боогдуулах, хүнд суртал гаргадаг, хахууль нэхэх үйлдлүүд гардаг. Та төрийн үйлчилгээ авах бүх шаардлага, нөхцөлийг хангасан хэрнээ албан тушаалтны хясан боогдуулсан үйлдлийн улмаас төрийн үйлчилгээгээ авч чадахгүй, аргагүй байдалд орж хахууль өгсөн, түүнийгээ сайн дураараа илчлэн ирсэн бол ялаас чөлөөлөгдөнө гэсэн үг.