МЭДЭГДЭЛ
Улаанбаатар хот
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүргээ хуулийн дагуу гүйцэтгэдэг. Гэтэл сүүлийн үед авлигачид, тэдний хууль бус орлогоос хүртэгч бүлэглэлийн “авлига“ гэгч эрсдэлгүй байсан гэмт үйлдэл нь төрийн хууль, ард түмний хяналтаас мултарч чадахгүй болсонд амь тэмцэхдээ Авлигатай тэмцэх газрын нэр хүндийг гутаан, бидний хийж гүйцэтгэж буй үйл ажиллагааг үгүйсгэх гэсэн үл бүтэх санаархлаа хэрээс хэтрүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан Авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн байна.
Авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, хараат бус байдлыг алдагдуулах эрсдэлийг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага урьдчилан харж, Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг орон сууцаар хангах зардлыг улсын төсөвд тусгаж санхүүжүүлнэ гэж албан хаагчдын эдийн засгийн баталгааг хуульчилсан. Төр хуулиар хүлээсэн энэ үүргийнхээ дагуу Авлигатай тэмцэх газрын төсөвт тусган баталсан нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардлаас албан хаагчдад орон сууц худалдан авахад нь дэмжлэг болгон өгдөг. Сүүлийн гурван жилд байгууллагын нийгмийн асуудал шийдвэрлэх комиссоос газар дээр нь албан хаагчдын орон сууцны нөхцөл байдалтай танилцсан судалгаа, дүгнэлтэд тулгуурлан хуулийн хүрээнд нийт 14 албан хаагчид ийм төрлийн тусламж олгосон.
Гэтэл, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын удирдлага, албан хаагчдыг төрийн мөнгийг хувийн хэрэгцээндээ дур мэдэн завшиж, зарцуулдаг мэтээр зохион байгуулалттайгаар мэдээлж, Авлигатай тэмцэх газарт үл итгэх уур амьсгалыг нийгэмд тараахыг оролдож байна.
Өдөр тутмын зарим хэвлэлд гаргасан “Авлигатай тэмцэх газрын удирдлагууд төрийн мөнгийг дур мэдэн зарцуулдаг” гэсэн утга бүхий мэдээлэл нь худал ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Авлигачид, тэдний хууль бус орлогоос хүртэгч бүлэглэлийн энэ мэт явуургүй оролдого нь хэзээ ч бүтэхгүй санаархал бөгөөд улс орны хөгжлийг саатуулагч, төр, нийтийн өмчийг шамшигдуулагч авлигачидтай хийх тэмцлээ Авлигатай тэмцэх газар үе шаттайгаар улам эрчимжүүлэх болно.
Хуулиа дээдлэн, шудрага ёсыг эрхэмлэцгээе!
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР