Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны гүйцэтгэл 77 хувьтай байна
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас Ази, Номхон далайн бүс нутгийн авлигатай тэмцэх газрыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт анх удаа хөндлөнгийн үнэлгээ хийснээ өнөөдөр /2019.05.10/ танилцууллаа.
Байгууллагын хараат бус, бие даасан байдал, санхүүжилт, хүний нөөц, хариуцлага ёс зүйт байдал, хэрэг илрүүлэлт, мөрдөн шалгах шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх чадавхижуулах, соён гэгээрүүлэх, хамтын ажиллагаа, гадаад харилцаа гэсэн нийт зургаан шалгуурын 50 үзүүлэлтээр судалгааг дүгнэсэн байна.
Судалгааны нийт 50 үзүүлэлтээс 23 нь өндөр, 22 нь дунд, 5 үзүүлэлт бага үнэлгээ авчээ. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанаас хамаарч байгаа 33 үзүүлэлтээс 17 нь өндөр, 16 нь дунд үнэлэгдсэн байна. Өөрийн үйл ажиллагаанаас үл хамаарах 17 үзүүлэлтээс 6 нь өндөр, 6 нь дунд, 5 үзүүлэлт бага үнэлгээтэй байна. Эндээс харахад бага үнэлгээ авсан 5 үзүүлэлт нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанаас үл хамаарах хөндлөнгийн нөлөөлөлтэй байна.
Авлигатай тэмцэх газрын өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэл нь 77 хувьтай байна. Бүс нутагт 63 хувиас дээш бол сайнд тооцогддог аж. Олон улсад хөндлөнгийн нөлөөлөл 40 хувиас дээш бол маш эрсдэлтэйд тооцогддог. Гэтэл Монгол Улсын Авлигтай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх хөндлөнгийн нөлөөлөл 59 хувьтай гарсан нь авлигатай тууштай, үр дүнтэй тэмцэхэд саад болж, ерөнхий үзүүлэлтийг доош нь татаж байна гэж үзжээ.
“Транспэрэнси интернэшнл Mонгол” байгууллагаас Авлигатай тэмцэх газарт хийсэн үнэлгээний дүгнэлтийг үзвэл:
Олон нийтийн төсөөлөл хэт сөрөг байгаа нь авлигын эсрэг үйл ажиллагаанд тушаа болж, популистуудын зэвсэг болжээ. Улстөрчид иргэдийг бодит мэдээллээр хангах эрхийг боомилж байна. Олон нийтийн ойлголт хууль хүчний байгууллагуудын эрх хэмжээ, ажлын хамрах хүрээг ялгахгүй, нийтэд нь хамруулж дүгнэлт хийх хандлагатай байна.
Авлигын мэргэшсэн шүүх, шүүгч, прокурортой байх шаардлага бий болсон. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх нь эдгээр байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болохоор байна.
Хууль тогтоомжид Авлигатай тэмцэх газрын санхүүжилт болон томилгоотой холбоотой өөрчлөлт оруулсан нь олон нийтийн хагарал, ойлголтын зөрүүг улам даамжруулсан гэсэн байна.