Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав
Авлигатай тэмцэх газрын дарга З.Давшдаваа, дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан нар тус газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албадын дарга нар, Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон тус зөвлөлийн гишүүд оролцлоо.
Олон нийтийн зөвлөлийн гишүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой санал танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бэлэн бусаар төлбөр тооцоо хийх, татварын тайланг насанд хүрсэн хүн бүрээс авдаг болох хуулийг хамтран санаачлах, нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр биш дэлгэрэнгүй байдлаар олон нийтэд нээлттэй болгох, авлига, ашиг сонирхолтой тэмцэхэд технологийн дэвшлийг ашиглах шаардлагатай байгаагаа илэрхийлэв.
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт, судалгаа шинжилгээний ажил, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.