Сахилгын шийтгэлийг нийтэд мэдээлэх журмыг хэрэгжүүлэх шаардлагатай
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөний улмаас сахилгын шийтгэл хүлээсэн нийтийн албан тушаалтан энэ тухайгаа өөрийн зардлаар нийтэд мэдээлэх зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд тусгасан билээ.
Дээрх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг баталсан. Уг журмын 4.2-т “Авлигатай тэмцэх газар хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан хяналтыг хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудаас ирүүлсэн мэдээлэл, шийдвэрийг хүлээн авч, нэгдсэн сан үүсгэнэ. Сангийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна” гэж заасан.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс журмын хэрэгжилтийг төрийн албан тушаалтнуудад танилцуулж, хяналт шалгалтын эх сурвалжид үндэслэн сахилгын шийтгэл хүлээсэн этгээдийн талаарх бүртгэлийг хөтөлж эхэлсэн байна.
2019 оны 1 дүгээр улирлын байдлаар ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн 7 албан тушаалтны мэдээллийг бүртгэлд оруулсан. Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Төрмөнх, тус сумын Могойн бага сургуулийн захирал Х.Эрдэнэчимэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Н.Гантуяа, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонго, Завхан аймгийн Түдэвтэй сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч Н.Өлзийжаргал, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ганболд нар сахилгын шийтгэл хүлээсэн боловч өнөөг хүртэл энэ тухайгаа нийтэд мэдээлээгүй байна.
Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх хэлбэрийг орон нутгийн болон үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл, харъяалах байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар гэсэн хэлбэрээр мэдээлж болохоор заасан бөгөөд хуульд нийцүүлэн гаргасан дээрх журмыг нийтийн албаны удирдлагууд хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.
Сахилгын шийтгэл ногдуулсан албан тушаалтныг албан тушаалын ангилал, хүлээлгэсэн сахилгын шийтгэлийн төрөл, сахилгын шийтгэлийг нийтэд мэдээлсэн эсэх байдал
Сахилгын шийтгэл хүлээсэн этгээдийн тоо |
Албан тушаалын ангилал |
Сахилгын шийтгэлийн төрөл |
Нийтэд мэдээлсэн байдал |
||||||
УТ |
ТЗ |
ТТ |
ТҮ |
Сануулах |
Цалин бууруулах |
Албан тушаал бууруулах |
Нийтийн албанаас халах |
||
6 |
1 |
2 |
- |
4 |
1 |
5 |
- |
1 |
0
|