Үндэсний бага хурал зохион байгуулна
Авлигатай тэмцэх газар “Авлигагүй нийгэм-тогтвортой хөгжлийн гарц” сэдэвт үндэсний бага хурлыг ирэх сарын 4-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар улс төрийн хүсэл зориг, эрмэлзлийг сонсох, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төрийн албан тушаалтнууд үр дүнтэй оролцох шаардлагатай байгааг ойлгуулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, орон нутагт авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тодорхой чиглэл гарган ажиллуулах зорилгоор үндэсний хэмжээнд энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаа юм.
Үндэсний бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын дэргэдэх шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлагууд, яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга болон Засаг дарга нарыг оролцуулахаар урилга түгээгээд байна. Бага хуралд оролцогчдын төлөөлөл дээрх зорилгын хүрээнд бэлтгэсэн илтгэлүүдийг холбогдох хүмүүс тавьж, хэлэлцүүлэхээр зэхжээ.
Албан тушаалтнуудын авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголтыг дээшлүүлж, авлигыг үл тэвчих ухамсрыг иргэдэд төлөвшүүлэх талаар ямар ажил хийх, төрийн байгууллагууд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх гүйцэтгэх үүргээ сайтар ойлгох, шаардлагатай стратеги, механизмыг бий болгон ажиллах талаар харилцан санал солилцох боломжийг бүрдүүлэх зэрэг үр дүнг Авлигатай тэмцэх газар “Авлигагүй нийгэм-тогтвортой хөгжлийн гарц” үндэсний бага хурлаас хүлээж байна.