Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дунд шатны сургалтыг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газраас тавьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-ын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дунд шатны сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд “Олон нийтийн төв”-д амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газрын албан хаагчид хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэв.
“Эрх зүйн шаардлагууд: Хөрөнгө царцаах, хураах”, “Хөрөнгө буцаах олон улсын хамтын ажиллагаа”, “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа: Ахисан түвшний арга хэрэгслүүд” гэсэн үндсэн 3 том сэдвийн хүрээнд хөрөнгө царцаах эрх зүйн зохицуулалт, иргэний/эрүүгийн арга замууд, бусад улс орнуудын зохицуулалтыг харьцуулах, хуулийг дотооддоо болон олон улсад хэрэгжүүлэх, прокурорын зүгээс шаардах бичиг баримтууд, шүүхэд танилцуулах мэдээлэл зэрэг асуудлаар СтАР санаачилгын зөвлөх Найжел Марк Бартлетт, Жонаттан Пол Бентон нар сургалтыг удирдан явууллаа.
Сургалтад оролцогчид албан бус эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд гадаадад хэрэг нээх хүсэлтийг илгээх, албан эрх зүйн харилцан туслалцааны шугамаар хөрөнгө хураах ажиллагааг хэрэгжүүлэх, санхүүгийн профайл ашиглах, цахим шилжүүлгүүдийг хянах, компанийн мэдээллүүдийг задлан шинжлэх, бэлэн мөнгийг мөрдөх зэрэгт суралцаж, өмнө буюу 2018 оны 10 дугаар сард зохион байгуулсан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалтаар олж авсан мэдлэгээ улам батжуулж, гүнзгийрүүлэв.
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн албан хаагчид бэлтгэхэд Авлигатай тэмцэх газар онцгой анхаарал хандуулан, олон улсын түвшинд тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгаа билээ.