Feb 25, 2019         9

Ч.ЖАРГАЛБААТАР: НЭР БҮХИЙ ШҮҮГЧ НАРЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАХ ХҮСЭЛТЭЭ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД УЛАМЖИЛСАН

iaac

 

 

АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурал болов. Хурлын

 

 

 

үеэр сэтгүүлчдийн асуултад Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатарын өгсөн хариултуудыг сийрүүлэн хүргэж байна.

-ШШГЕГ-т саатуулагдаж байгаад нас барсан шүүгчийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байсан бэ?

-Харамсалтай хэрэг боллоо. Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч, ашиглагч нарын хоорондын маргаанаас үүдэлтэй хэргийг Шүүхийн шинжилгээний байгууллага, цагдаагийн байгууллага хянаж байх явцад их хэмжээний мөнгөн хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байсан юм. Хэрэг шалгах явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй үндэслэл тогтоогдсон учир талийгаачийг сэжиглэн баривчилсан.

Талийгаачийн ажлын байр, гэрт нь нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хураасан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас 48 цагийн хугацаанд сэжигтнээр баривчилсан. Сэжигтнээр баривчилсан хугацаа нь дуусаад биднийг авахаар очиход энэ харамсалтай хэрэг гарсан байв. Зарим хэвлэлээр гарч байгаа шиг 48 цагийг нь хэтрүүлсэн асуудал байхгүй, бүгд хуулийн дагуу явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа байсан.

Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлига, хээл хахуулийн хэрэгт цаашид мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, гэм буруутай этгээдүүдийг нь олж тогтоох ажиллагаа хийгдэнэ.

-Талийгаачийг ямар зүйл ангиар сэжиглэн баривчилсан бэ?

-Хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байгаа юм. Өмнө нь Эрүүгийн хуульд “зуучлах” гэж гэмт хэрэг байсан. Зуучлах гэсэн гэмт хэргийг шинээр буюу 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар “өгсөн”, “авсан” гэмт хэргийн “хамжигчаар” тогтоосон юм. Энэ хуулийн дагуу энэ хүнийг хээл хахууль өгөх, авах гэмт хэрэг дээр хамжигчаар сэжиглэн шалгаж байсан юм

Талийгаач нас барсан хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа учраас манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийн талаар мэдээлэл өгөөч?

-Нэр бүхий шүүгч нартай холбоотой хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2012-2017 оны шүүгч нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан. Шалгах явцад зарим шүүгч нар өөрсдийн хөрөнгийг мэдүүлээгүй, зөрүүтэй мэдээлсэн, хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Шүүгч нар хуулиар олгогдсон бүрэн эрх дархтай. Энэ нь мөрдөн шалгах явцад хүндрэл бэрхшээл учирдаг учраас албан үүргийг нь түдгэлзүүлээд шалгах хүсэлтээ прокурорын байгууллагад уламжилсан. Энэ хэрэг цаашид шалгагдаж шийдвэрлэгдэнэ.

-Ерөнхий сайдуудтай холбоотой хэрэг юу болсон бэ?

-Ерөнхий сайд нартай холбоотой хэргийн мөрдөн шалгалтын ажил хийгдэж байгаа. Олон улсад бичсэн даалгаврын хариу ирсэн. Ихээхэн ахиц гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль шинээр батлагдаад 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль дээр мөрдөгчийн бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхийг ерөнхийдөө хязгаарлаж өгсөн. Ихэвчлэн прокурор, шүүхийн зөвшөөрөлтэйгөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар заасан. Энэ ажиллагааг хийхэд тодорхой хэмжээний цаг хугацаа ордог, бүрэн эрхтэй хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлсний дараа шалгах нь нэлээд хүндрэлтэй байна. Бүрэн эрхтэй хүмүүс дуудахаар ирэхгүй, халдашгүй дархан эрхэнд нь халдаж болдоггүй. Тодорхой төрлийн хэргүүдээс харж байгаа байх. Тогтоолтойгоо сар гаруйн хугацаанд танилцахгүй явж байгаад хоёр хоногийн өмнө ирж танилцлаа, энэ мэт хүндрэлүүд гардаг гэдгийг ойлгоорой.

-Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн хэрэг шалгагдаж дууссан уу?

-Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нартай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэнтэй зэрэгцээд анхан шатны шүүхүүд дээр танайхаас шалгагдсан хөгжлийн банк, бондуудтай холбоотой хэргүүд мөрдөн байцаалтад буцсан. Энэ нь танай мөрдөн шалгах хэлтэс ажлаа дутуу хийсэн гэж ойлгох уу, эсвэл шүүхээс эргүүлээд танайхыг бойкотлоод байна уу даа гэж сэтгүүлч хүний хувьд хардаж байна л даа?

-Хөгжлийн банктай холбоотой нэлээд олон хэргийг шалган шүүх, прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзээд шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянаж үзээд буцаасан гэсэн мэдээлэл авсан. Албан ёсоор манай дээр хэрэг ирээгүй байна. Үнэхээр дутуу ажиллагаа байгаа бол бид ажиллагааг хийнэ. Шүүгчийн шийдвэр үндэслэлгүй байгаа бол прокурорын байгууллагаас бүрэн эрхийнхээ дагуу эсэргүүцлээ бичээд хэргүүд хянагдаад явах байх.  

-Д.Дорлигжавтай холбоотой хэргийн явц ямар байгаа вэ?

-Энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Гадаад улсуудад мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх шаардлагатай учир энэ ажиллагаанууд хийгдээд явж байна.

-Талийгаачтай хамт хэн хэнийг хорьсон бэ?

-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хээл хахууль өгсөн гэмт хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ хэрэгт холбоотойгоор хорьсон хүн байхгүй. Энэ баривчлах ажиллагааны үеэр таван хүнийг баривчилсан.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ямар үндэслэлээр Таван толгойтой холбогдуулан шалгаж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Ерөнхий прокурорт хандан зарим асуудлыг шалгуулгуулахаар баримт материалуудыг гаргаж өгсөн. Тухайн асуудал нь урьд нь манай байгууллага дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөргөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Энэ хэрэгтэй хамтатган шалгуулахаар материалыг прокуророос ирүүлсэн. Материалыг хүлээн аваад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гэрчээр мэдүүлэг авсан.

-Таван толгой орд газраас нүүрс хулгайд алдагдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юу?

-Таван толгойгоос нүүрс хууль бусаар олборлосон, хулгайд алдагдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн үедээ эдгээр хоёр аж ахуйн нэгж мэргэжилтнүүдээ гаргаад хэмжилт хийлгэж тогтоогдсон тоо хэмжээ, Засгийн газраас гаргасан ажлын хэсэг газар дээр нь очоод хэмжилт хийсэн тоо хэмжээ, Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгжээр хэмжилт гаргуулсан тоо хэмжээ зэрэг нь тус тус зөрүүтэй гарсан байдаг тул эцэслэн шийдвэрлэх бусад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us