Улсын нөөцийн газрын даргад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт шилжүүллээ/2009.10.09/
Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайханыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр аравдугаар сарын 8-ны өдөр хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлээ.
Түүнийг ОХУ-аас оруулж ирсэн 936 тн улаан буудайг “Монголд үйлдвэрлэсэн” мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, энэ үйлдэлдээ газар тариалан эрхэлдэг “Баяржавхлан” ХХК-ийн захирал Ц.Мэндбаяр, “Бооцын тариа” ХХК-ийн захирал С.Баатар нарыг татан оролцуулсан хэрэгт шалгасан юм.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Улсын нөөцөд тариа буудай нийлүүлсэн аж ахуйн нэгжид нийлүүлсэн тариа буудайны тонн тутамд 80000 төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газраас гаргасан журамд нийцүүлэхийн тулд ОХУ-аас оруулж ирсэн Улаан буудайг “Монголд тарьсан” мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, албан тушаалаа ашигласан үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн 148 дугар зүйлийн 148.3, 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлээд байна.