Jul 16, 2009         8

Элбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар даа… /2009.07.16/

Монгол улс хуультай гэдгийг мэдрүүлээд өгөөч, Ц.Жанлав, Л.Амгалан мэтийн эрх дархтнуудад… Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй, хоёр орон сууц болон хоёр байгууламжаа бусдад худалдаж олсон 50 сая төгрөгийн орлого, “Дорнод бөхийн өргөө”-нөөс олдог орлогоо нуун дарагдуулсныг Авлигатай тэмцэх газар тогтоосон билээ.

Энэ нь Ц.Жанлав даргын хувьд огцруулах хангалттай үндэслэл байсан юм. Учир нь Авлигын эсрэг хуульд төрийн улс төр, захиргаа тусгай албан тушаалд байнга, эсвэл түр хугацаагаар томилогдсон буюу тусгай албан сонгогдсон албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаалтан зэрэг этгээд хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж тодорхой заасан байдаг. Авлигатай тэмцэх газар Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын хууль зөрчсөн, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан болохыг Ерөнхий сайд С.Баярын сонорт хүргэсэн ч тусыг эс олов. Нохой сүүлээ… гэгчээр Ерөнхий сайд АТГ-аас ирүүлсэн шаардлагыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт илгээжээ. Харин Б.Долгор сайд Дорнод аймгийн ИТХ-ын мэдэлд шилжүүлснээр эл хэрэг ёстой л “нохойн баас” болж хувирсан.

Учир нь Дорнод аймгийн Н.Хүрэлбаатар тэргүүтэй ИТХ-ын тэргүүлэгчид “Засаг дарга Ц.Жанлав хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн эсэх нь хамаагүй, сайн ажилладаг учраас огцруулахгүй” хэмээн 18 тоот тогтоол гаргасан юм. Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг даргын асуудлыг аймгийн ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ авч хэлэлцээд, олонхийн саналаар шийдвэрлэх ёстой. Гэтэл зөвхөн ИТХ-ын тэргүүлэгч хэдхэн хүн шийдэж, тогтоол гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэн 18 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх хэргийг авч хэлэлцээд ИТХ-ын 18 тоот тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Харин Дорнодын ИТХ гэж хуулиас дээгүүр орших, том “толгойтой” байгууллага шүүхийн эл шийдвэрийг үл ойшоож, Ц.Жанлав даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлынхаа жагсаалтаас нэг мөсөн хасчээ. Ингээд Ц.Жанлавын гэх тодотголтой хэрэг үндсэндээ замхрах тийшээ хандлаа.

Хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй гэдэг хэрнээ амьдрал дээр Ц.Жанлав шиг байж, араа дааж чадвал хууль зөрчиж болохын тод жишээ нь энэ бололтой. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэгчээр хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг дарга Ц.Жанлав хээвнэг ажлаа хийгээд явж байх юм. Хууль зөрчсөн Засаг дарга, хууль зөрчсөн Засаг даргаа хууль зөрчиж өмгөөлж авч үлдсэн, шүүхийн шийдвэрийг үл хайхрагч Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хэн, хэзээ, ямар хариуцлага тооцох нь өнөө хэр бүрхэг байна. Түүнчлэн нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга хатагтай Л.Амгалан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн хэрнээ гэмгүй царайлаад ажлаа хийгээд явж байгаа нь бас л Ц.Жанлав шиг араа дааж чадсаных биз ээ. ИТХ, Ерөнхий сайд хүртэл эл хэргийг үл тоосон болохоор одоо эцсийн найдвар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж л болж үлдэх шив. Шударга л байцгаая л даа.
 

Монголын мэдээ сонины сэтгүүлч Б.Намуун

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us