Мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатар: Бөхчүүд албан тушаалтан биш учраас шалгахгүй /2009.07.16/
Наадмын үеэр яригддаг нэг зүйл бол яах аргагүй бөхчүүдийн “даваа наймаалцах” асуудал. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа талаарх мэдээлэл цацагдсан. Үүнийг тодруулахаар бид Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн Мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.
-Бөхчүүдийн даваа наймаалцдаг явдлыг танай газар шалгаж байгаа гэсэн үнэн үү?
-Манайх энэ хэргийг шалгах боломжгүй. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуульд хээл хахууль өгөх авах, зуучлах гэсэн 3 зүйл заалт байдаг. Энэхүү хуулийн заалтын дагуу зөвхөн албан тушаалтан гүйцэтгэх ёстой үүргээ хэрэгжүүлэхгүй байх, хэрэгжүүлснийхээ төлөө шан харамж авсан бол авлигал, хээл хахууль болно гээд заачихсан байдаг.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан хээл хахууль авах гэмт хэргийн субьект нь албан туүшаалтан гээд тогтоогоод өгсөн. Тэгэхээр бөхчүүд албан тушаалтан биш учраас бид бөхчүүдийг мөрдөж шалгах ямар ч боломжгүй.
Өөрөөр хэлбэл бид бөхчүүд даваа наймалцан мөнгө төгрөг өгсөн, авсан асуудлыг мөрдөн шалгах юм бол хуулиар мөрдөн байцаалт явуулахаар тогтоон өгсөн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй асуудлыг шалгаснаараа эрүүгийн хуулийг төсөөтэй хэргэлэхгүй гэсэн зарчим зөрчигдөх болно.
-Бөхчүүд өөрөө би энэ хүнд тэд давахын тулд тэдэн төгрөг өгсөн гээд хүлээгээд ирсэн ч шалгахгүй юу?
-Шалгахгүй.
-Тэгвэл ямар тохиолдолд авлига чинь гэмт хэрэг болдог юм бэ?
-Албан тушаалтан Хийх ёсгүй үйлдлээ хийснийхээ төлөө шан харамж авсан тохиолдолд, эсвэл хийх ёстой үйлдлээ хийхээр урьдчилан амласныхаа төлөө шан харамж авч байж гэмт хэрэг болно гэж хуулинд заасан байдаг. Ийм учраас Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж байж авлигатай жинхэнэ ёсоор тэмцэх болчихоод байна. Одоогийн байдлаар бол Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс чөдөртэй морь шиг л байна даа.
-Саяхан эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулахад энэ асуудлуудаа тавьж болоогүй юм уу?
-Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орох санал авах үед энэ талаарх саналаа хүргүүлсэн боловч хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдаагүй.
Урьд нь хахууль өгснөө илчилсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг байсан. Гэтэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ тайлбарыг хасаад хахууль өгсөн ч, авсан ч шийтгүүлэх болгоод оруулчихсан. Гаргалгааг нь хэлвэл “чи надад хахууль өгснөө илчилвэл надтай хамт л “явна” шүү” гэсэнтэй адил зүйл хийчихсэн.
-Бөхчүүдийн дунд байгаа энэ шудрага бус байдалтай адил хуулийн цоорхойг ашиглаж байгаа салбар, хүн олон л байгаа байх даа?
- Ашигт малтмалын салбарт гэхэд л лицензийг хууль бусаар хангалттай өгдөг. Барьж аваад шалгаад шийтгэе гэхээр ашигт малтмалыг өөрийг нь биш түүнийг эрж хайх тусгай зөвшөөрлийг олгодог учраас хууль эрх зүйн орчин байхгүй. Тусгай зөвшөөрөл нь өөрөө үнэ төлбөргүй олгогддог эд байхгүй юу. Гэтэл үнэ төлбөргүй олгогддог зүйлийг хэн нэгэнд өгчихсөн байхад хохирол учраагүй байна гээд гэмт хэрэгт тооцогддоггүй байх жишээтэй. Ингээд зөвхөн бөхчүүд биш үүнтэй адил төстэй олон бусармаг явдлыг өнөөдрийн Эрүүгийн хуулиас болоод шалгаж, таслан зогсоож чадахгүй байна.
-Манай улс чинь уг нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон биз дээ. Гэтэл авлигатай тэмцэе гэдэг атлаа ачир дээрээ ингээд хуулиараа тэмцэх аргагүй болгочихоод байдаг. Сонин юм аа?
-НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид Монгол Улс 2003 онд элсэн орсон. Гишүүн орны хувьд энэ конвенцид заасан заалтуудыг үндэснийхээ хууль тогтоомжтой нийцүүлэх ёстой. Хэрвээ манай улс гишүүн орныхоо хувьд энэ үүргээ хэрэгжүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангид авлига, бусдад давуу байдал олгох, хувийн хэвшил дэх авлига гэсэн зүйл хуулийн заалтуудыг бие даасан гэмт хэрэг болгоод хуульчлаад өгчихвөл манай улс энэ бөхчүүдийн найраа, хийх ёстой үйлдлээ хийснийхээ төлөө авсан хахууль, хууль бус үйлдэл хийснийхээ төлөө шан харамж аваад байдаг энэ үйлдлүүдийг таслан зогсоох бүрэн боломжтой.
Тэрээр ийнхүү ярьсан юм. Монголд улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдаж авлига хэмээх нийгмийн эмгэг өвчтэй тэмцэж байгаа хэдий ч хууль эрх зүйн орчин шаардлагын хэмжээнд боловсронгуй болоогүй, байгаагаас авлига хэмээх өвчний тархалт үндсийг таслахахд ахиц гаргах боломжгүй болоод байна.
Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд Авлигын гэмт хэргийн талаар хуульчилсан заалт бараг байхгүй шахам. Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан хээл хахууль өгөх, авах, зуучлах гэмт хэргийн бүрэлдэхүүнд авлига хэмээх харилцаа тэр чигээрээ хамрагдаж чадахгүй байгааг дурьдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Авлига хэмээх тодорхойлтод багтаж байгаа фактыг Эрүүгийн хуульд хуульчлан оруулж өгөх шаардлагатай байгаа талаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатар ярьж байлаа.
Сэтгүүлч О.Ариунбилэг