Jun 15, 2018         5

“Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага” сэдэвт сургалт болов

Авлигатай тэмцэх газар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран "Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага" сэдэвт сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 14, 15-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.

Санхүүгийн гэмт хэргийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх мэргэжилтэн Игорис Кризецковскисийн удирдан явуулсан сургалтад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцон оффшорын асуудал болон мөнгө угаах гэмт хэргийн талаар мэдээлэл авч туршлага сонсов.

iaacСанхүүгийн гэмт хэргийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх мэргэжилтэн Игорис Кризецковскис

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Оффшор нь сүүлийн жилүүдэд төр, иргэд, олон нийтийн анхаарлыг нэлээд татаж буй онцгой асуудал болоод байгаа билээ. Оффшор бүсэд өнөөгийн байдлаар нийтдээ ойролцоогоор үнэт цаас, үл хөдлөх хөрөнгийг оруулахгүйгээр 11,5 триллион ам.доллар буюу дэлхийн бүх мөнгөний аравны нэг нь хадгалагдаж байгаа гэж үздэг.

Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүс нутгаас санхүүгийн аливаа мэдээлэл, лавлагаа авах, тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага, түүнээс улбаалсан тодорхой бэрхшээлүүд бидэнд тулгарч байна. Бидний дотны түнш болсон ЕАБХАБ маань бидэнд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад өөрийн үнэтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, туслалцаа үзүүлж байгаа төдийгүй цаашид энэ чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж, ойр дотно хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Алс холоос зорин ирж, энэхүү сургалтыг зохион байгуулж буй ноён Андрей Мунтеан болон Игорис Кризецковскис нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сургалтыг явуулах зөвлөх мэргэжилтэн Игорис Кризецковскисын хувьд Литва улсын Дотоод хэргийн яамны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Мөнгө угаах явдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх газарт олон жил ажилласан, арвин туршлага, мэдлэгтэй хүн юм. Тиймээс Та бүхэн энэ сайхан боломж, завшааныг ашиглан, оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаахтай тэмцэх талаарх олон улсын туршлага, мэдлэгийг олж авч, түүнийгээ авлига, мөнгө угаахтай тэмцэх ажилд бүтээлчээр ашиглана гэдэгт найдаж байна” гэж онцоллоо.

Мөн Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сургалтын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран оффшор болон олон улсын түвшинд үйлдэгдэж байгаа мөнгө угаах зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын туршлага судлах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтаар гэмт хэргийн замаар олсон мөнгийг илрүүлэх, олж авсан мэдээ мэдээллийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, ашиглах, хөрөнгө царцаах ба буцаах ажиллагааг хэрхэн хийх, оффшор бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгжийг хууль бус мөнгө угаахад ямар байдлаар ашиглаж байгаа зэрэг туршлагаас манай хууль сахиулах байгууллагын ажилтан, мэргэжилтнүүд суралцах боломжтой”-г тодотгов.

iaacХоёр өдрийн сургалтын хөтөлбөрт мөнгө угаах явдалд өртөж болзошгүй оффшор бүс нутаг, хар жагсаалт, худалдаа арилжаа хийх замаар оффшор бүс нутгийг ашиглах мөнгө угаах, оффшор бүс нутагтай эрх зүйн туслалцааны гэрээгүйгээр мэдээлэл солилцох арга туршлага, 2016 оны Панамын баримт бичиг дээр ажиллах кейс, оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах арга, төрөл зэрэг сэдвийг хөндөн ярилцлаа.

Оффшор бүс тойрсон асуудлаар Авлигатай тэмцэх газрын зүгээс тодорхой санал санаачилга гарган ажиллаж байгаа ба үүний өмнө Авлигатай тэмцэх газар оффшорын асуудлаар хууль сахиулах байгууллагуудын бүх талын оролцоог бүрдүүлсэн хэлэлцүүлэг зохион байгуулсан, мөн Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга (StAR)-тай 2013 оноос хамтран ажиллаж байгаа билээ.

Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүнээр 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр элссэн бөгөөд 2016 оны 6 дугаар сараас хойш Авлигатай тэмцэх газар ЕАБХАБ-ын Байгаль орчин, эдийн засгийн газартай авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны 12 дугаар сард “Судалгаа, шинжилгээний орчин үеийн аргууд”, 2017 оны 5 дугаар сард “Авлигаас урьдчилан сэргийлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”, 2017 оны 9 дүгээр сард “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, тус сургалтуудад Авлигатай тэмцэх газрын албан хаагчдаас гадна Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанкны мэргэжилтэн, албан хаагчид болон хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, өөрсдийн мэдлэг, чадвараа дээшлүүлсэн юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us