Feb 19, 2019         4

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга хууль зөрчиж хандив авчээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг АТГ хянан шалгаад илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд албан тоот хүргүүллээ.

Б.Баттулга нь Засаг даргын Тамгын газрын хурлын танхимыг тохижуулахад зориулж тус суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-иас 29 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хязгаарлалтыг зөрчсөн үйлдэл юм.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг үндэслэн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулгад хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг ирүүлэхийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд мэдэгдэв.

Түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохдоо Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, цаашид уг зөрчлийг давтан гаргуулахгүй байх, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us