АТГ-аас “Иргэний хяналтын төв”-ийг нээв
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийтээс төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг 2018 оны нэгдүгээр сарын 25-нд Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд нээж, үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Дээрх ажлыг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээнд АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.
Иргэний хяналтын төвийн үйл ажиллагааг нээж АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө шаардагддаг ажил. Манай байгууллага орон нутагт бүтцийн нэгжгүй тул улс орны хэмжээнд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянахад зарим талаар бэрхшээл тулгардаг. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш энэ нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг иргэдийн хяналтад өгөх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний хөтөлбарт заасны дагуу бүх яам, агентлаг, аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Иргэний хяналтын зөвлөл ажиллаж байгаа. Зөвлөлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, иргэд рүү илүү ойртох шаардлага байгаа гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харуулсан. Тиймээс “Иргэний хяналтын төв”-ийг нээж байгаа нь энэхүү стратегийн зорилттой шууд уялдаж байгаа юм” хэмээв.
Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Төрийн үйлчилгээг авлига, хувийн ашиг сонирхлоос ангид байлгахад иргэдийн оролцоо маш чухал” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ярьсан юм.
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн улмаас төрийн үйлчилгээнд тулгарч буй хүнд суртал, чирэгдэл, иргэдэд учирч буй хүндрэл, бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэхээс гадна зөвлөгөө мэдээлэл өгч, гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шилжүүлэх, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах юм. Цаашид Нийслэлийн 9 дүүрэг, Хангарьд ордны нэг цэг, Улаанбаатар хотын гаалийн бүрдүүлэлт, 1, 2, 3 дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог үндэсний төв зэрэг III шатлалын эмнэлгүүд, Авто тээврийн үндэсний төвийн нэг цэгт “Иргэний хяналтын төв” байгуулж ажиллахаар төлөвлөж байна.