Авлигын эсрэг олон улсын мэдээллийн төвтэй хамтран ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Их
Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хот дахь Авлигын эсрэг олон улсын мэдээллийн төвийн дарга Руберт Броадтой утсаар холбогдож, эрүүгийн хэрэгт хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Тус улсад 2016 онд болсон Авлигын эсрэг чуулганы үеэр тус улс Авлигын эсрэг олон улсын мэдээллийн төв байгуулж, хариуцан ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Ийнхүү Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газар албан ёсоор 2017 оны 7 дугаар сард үйл ажиллагаагаа эхэлж, 2021 он хүртэл уг төвийг хариуцан ажиллаж, дараагийн улс оронд шилжүүлж өгнө.
Авлигын эсрэг олон улсын мэдээллийн төв нь гадаад орны авлигатай
тэмцэх байгууллагын хүсэлтээр тодорхой эрүүгийн хэрэгт ажиллагаа явуулах, мэдээлэл цуглуулах чиг үүрэгтэй.
Энэхүү төвийн гишүүнээр Австралийн Холбооны Улсын Цагдаагийн газар, Шинэ Зеландын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Шинэ Зеландын Цагдаагийн газар, Канадын Хатан хааны морьт цагдаа, Сингапурын Авлигын хэргийг мөрдөн шалгах товчоо, Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх газар, АНУ-ын Холбооны мөрдөн шалгах товчоо зэрэг хууль сахиулах байгууллагууд элссэн юм байна.
Авлигатай тэмцэх газрын хувьд энэ төвийн гишүүнээр элсч, эрүүгийн хэрэгт мэдээлэл солилцох, хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хамтран ажиллана.