Mar 20, 2018         6

Хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 3 дугаар сарын 5-13-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн департаментын Олон улсын манлайлагч зочдын хөтөлбөрийн хүрээнд Вашингтон, Детройт, Портланд хотод ажиллаж, тус улсын авлигатай тэмцэх чиг үүргийг гүйцэтгэдэг төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нарын албаны хүмүүс байв.

iaac“International visitor’s leadership program” буюу Олон улсын манлайлагч зочдын хөтөлбөрийн хүрээний уг арга хэмжээг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам санаачлан, зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын төрийн болон орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, тэдний арга туршлагыг судлах зорилготой байлаа.

Монголын төлөөлөгчид АНУ-ын Төрийн департамент, Хууль зүйн департамент, Иргэдийн хяналтын төв, Ёс зүйн хороо, хотын захиргаа, Дэлхийн банк болон Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох СтАР санаачилга зэрэг байгууллагуудаар зочилж, авлигатай тэмцэхтэй холбоотой үйл ажиллагаа, сайн туршлагатай танилцахын зэрэгцээ өөрсдийн туршлагаас хуваалцсан байна. Туршлага судлах айлчлалын үеэр АНУ-д авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг төрийн болон орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдтэй уулзаж, тус улсын төрийн байгууллагуудын тогтолцооны онцлог, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хоорондын хамтын ажиллагаа, ил тод байдал, бизнесийн үйл ажиллагаан дахь авлигын эрсдлийг бууруулах арга зам, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг сэдвээр нарийвчлан ярилцжээ.

АНУ-ын тал авлигатай тэмцэх чиглэлээр манай улстай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн өрнүүлэх саналыг дэмжиж байгаа илэрхийлээд Монгол Улсын эрх бүхий байгууллагуудад тодорхой сэдвээр сургалт зохион байгуулж, мэдээлэл, туршлага солилцох, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Айлчлалын үр дүнд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаан дахь иргэдийн хяналт, оролцооны талаарх туршлагаа солилцож, байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us