МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ ХАРИУЛТ ӨГЛӨӨ
Авлигатай тэмцэх газрын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хуралд Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар оролцож, сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулт өглөө.
Хэвлэлийн хурлын үеэр болон хурлын дараа сэтгүүлчдээс ирүүлсэн зарим асуултад өгсөн хариултыг дэлгэрэнгүй байдлаар цахим хуудсанд байршуулна гэсний дагуу мэдээллийг хүргэж байна.
-“Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлын шалгалтын явц ямар шатандаа байна вэ?
Э.Идэрцог: -Прокурорын газраас зөвшөөрөгдсөн хэмжээнд шалгагдаж байгаа хэргийн талаар сэтгүүлч та бүхний асуултуудад хариулт өгье. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал дээр цаашдаа ч гэсэн нэлээд хэдэн асуулт гарах болов уу гэсэн үүднээс Та бүхэнд товчхон ойлголт өгье.
“Жаст” компани олон улсын “Стандарт” банкнаас зээл авсан асуудалд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгт 2013 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. АТГ дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Анх гэрээ байгуулах үед Монгол Улсын Ерөнхий сайд хэн байсан, Төрийн өмчийн хорооны дарга хэн байсан, Монгол-Оросын советын хэсгийн дарга нар нь хэн байсан, “Эрдэнэт” үйлдвэрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хэн байсан гэх мэт бүгдийг нарийвчлан шалгах ажиллагаа хийж байгаа. Нэлээд гүнзгий, анхаарал татахуйц асуудлууд байгаа. Энэ асуудал дээр хэрэг үүсээд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг гэрчээр байцаасан. Одоогоор яллагдагчаар татаагүй.
“Жаст” компани, Ш.Батхүү гэдэг хүн хэзээнээс ямар бизнес хийж эхэлсэн, хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулж, хэдэн компани, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан бэ, “Стандарт” банкнаас ямар хэмжээний зээл, ямар дансаар, ямар зориулалтаар Монгол Улсад орж ирсэн бэ гэдгийг нэг бүрчлэн шалгаж байна. Шалгах ажиллагаанд эдийн засгийн тусгай мэдлэг бүхий эдийн засагч, аудитын эрхтэй хүмүүс оролцуулж байна. Нарийвчилсан шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа.
Мөн хэрэгтэй холбоотой төрийн өмчийн оролцоотой томоохон аж ахуйн нэгжийн асуудлууд яригддаг. Эдгээрийн харилцан хамаарал, анх хэзээ эхлэв, яав гэдгийг нэг бүрчлэн шалгаж, бүгдийнх нь үйлдэл холбогдол тус бүр дээр аудитын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Ш.Батхүүтэй холбоотой, хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө, нуугдмал хөрөнгийг битүүмжлэх, хоорондоо өмч хөрөнгөө бэлэглэсэн, илт бага үнээр бие биедээ худалдсан гэх мэт сэжигтэй үйлдлийг илрүүлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах, өөр бусдаас авах авлага, өглөг энэ бүх асуудлыг өмч хөрөнгө тус бүр дээр нь шалгалтын ажиллагааг төвлөрүүлэн явуулж байна.
“Жаст” ХХК болон захирал Ш.Батхүүгийн хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн үүсгэн бий болгосон давхардсан тоогоор 600 орчим өмч хөрөнгө,тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, одоогийн эзэмшил зэргийг нэг бүрчлэн хувийн хэргийг нь үзэж нарийвчлан шалгаж нуугдмал хөрөнгийг илрүүлэх зорилгоор тодорхой ажиллагаа хийж данс, үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх ажиллагаа хийж байна. Үүнд 40 гаруй шатахуун түгээх станц, 100 гаруй орон сууц, үйлчилгээний талбай, хувийн байшин гэх мэт хөдлөх хөрөнгийн шилжүүлэх эрхийг хязгаарласан. Цаашид энэ ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.
-Д.Сугарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юу?
Э.Идэрцог: -Төрийн өмчийн хорооны даргаар тухайн үед ажиллаж байсан, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Д.Сугарыг гэрчээр байцаасан. Гарын үсгийг нь хуурамчаар зурсан байх магадлалтай байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шалгалтын явцад нэмж тодруулах шаардлагатай зүйлс гарвал нэр дурдагдаж байгаа албан тушаалтнуудыг дахин дуудаж байцаалт авна.
-ТЭЦ-4 компанийн захирал С.Анхбаярыг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ?
Э.Идэрцог: -ТЭЦ-4 компанийн захирал С.Анхбаярыг нийтийн албан тушаалтан өөрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаанд бусдаас хахууль авсан байж болзошгүй, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
-М.Энхсайханыг ямар үндэслэлээр дуудсан бэ. Ирж мэдүүлгээ өгсөн үү?
Э.Идэрцог: -Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулсан асуудалд нь албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн эсэх асуудлаар Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн ирүүлснийг шалгаж байгаа. Түүнийг Нийслэлийн Прокурорын газрын дуудах хуудсын дагуу дуудсан. М.Энхсайхан өнөөдөр ирчихсэн. Яг одоо гэрчийн байцаалт, мэдүүлэг өгч байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн асуудал яригдаад байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
Э.Идэрцог: -Өнөөдөр бидний хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 17.3.3 гэсэн зүйл ангиар Ш.Батхүүг яллагдагчаар татаж прокуророос хэргийг нь ирүүлсэн. Энэ зүйл ангийн дагуу шалгаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.
-Ш.Батхүүтэй холбоотойгоор Г.Алтанг байцаасан гэж үнэн үү?
Э.Идэрцог: -“Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудалд “Алтжин” компанийн захирал Г.Алтан, тэдгээрийн хооронд мөнгө төгрөг шилжсэн, тодорхой ашигт малтмалын лиценз худалдаж авч, хоорондоо шилжүүлсэн гэх мэт харилцаа үүссэн байдаг. Энэ асуудлаар Г.Алтангаас өмнө нь мэдүүлэг авсан байдаг. Одоо бас дуудаж авна. Г.Алтангийн хүүхэд Эдвардын Сүрэн гэж хүн төрийн банкнаас мөнгө төгрөг нэхэмжилсэн асуудлаар иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан уу, үгүй юу гэдэг асуудлыг эрх бүхий байгууллагууд шалгах ёстой. Бидний зүгээс тэр өр зээл нь үнэхээр бодитой байсан уу, тэр өр зээлийг хоорондоо өгч авалцах албан тушаалтнуудын оролцоо ямар байсан бэ гэдгийг анхаарч шалгаж байгаа. Шаардлагатай, үндэслэл бүхий асуудал тогтоогдвол үргэлжлүүлэн шалгах болно.
-Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэргийн шалгалт ямар байдлаар үргэлжилж байна вэ?
Э.Идэрцог: -Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудалд Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн ирүүлснийг шалгаж байна. Оюу толгойн гэрээ, түүний хэрэгжилтийн асуудал хууль зүйн дагуу байсан уу гэдгийг нарийвчлан шалгах ажил хийгдэж байна. Энэ асуудалд Сангийн сайд асан С.Баярцогтыг дуудаж мэдүүлэг авсан. Мөн олон албан тушаалтантай холбоотой анхаарал татахаар асуудлууд байгаа. Цаашид нухацтай шалгана.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас мэдүүлэг байцаалт авсан асуудал байгаа юу?
Э.Идэрцог: -Увс аймгийн нутагт байрлах Хотгор шанагын уурхай, уурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондоо хувьцаагаа худалдсан гэдэг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр мэдүүлэг авсан.
-Шүүгч нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж байгаа юу? Ер нь ХОМ-ийг яаж шалгадаг юм бэ?
Х.Хашбаатар: -Авлигатай тэмцэх газар ХОМ-ийг өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр шалгана. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр дурдагдаж байгаа шүүгч нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу шалгаж эхэлсэн. Энэ талаар дараа жич яригдах байх.
Энэ жилийн хувьд 40071 албан тушаалтан ХОМ гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ХОМ гаргах ёстой албан тушаалтнууд бүрэн гаргадаггүй байсныг өнгөрсөн онд АТГ-ын ажлын хэсгийн шалгалтаар илрүүлсэн, мөн зарим албан тушаалын зэрэглэл нэмэгдэж хуулийн үйлчлэлд хамаардаг болсон учир энэ тоо бага зэрэг хэлбэлзсэн. Эдгээр 40 мянга орчим албан тушаалтны жилд дунджаар 500 гаруй албан тушаалтны ХОМ-ийг төлөвлөгөөт болон өргөдөл, гомдлын хүрээнд шалгадаг. Үүний дагуу авсан арга хэмжээ, хариуцлага тооцуулсан байдлыг нийтэд мэдээлдэг. Сая хийсэн мэдээлэл дотор 3 албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцуулсан тухай дурдагдлаа.
-Дубайн гэрээтэй холбоотой шалгагдаж байгаа зүйл байгаа юу?
Э.Идэрцог: -Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой асуудлыг Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг хамтран шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа.
2015 онд батлагдсан Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон 2009 онд гарын үсэг зурсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ зэрэг холбогдох эрх зүйн үр дагавар бүхий баримт бичгүүдийн гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг нарийвчлан шалгаж байна.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын үйл ажиллагааны талаар шүүмжлэл өрнүүлээд эхэллээ. Та бүхэн энэ шүүмжлэлтэй санал нийлж байгаа юу?
Э.Идэрцог: -З.Энхболд даргын ярьсан асуудалтай бид танилцсан. Бид бол шүүхийн шийдвэр гарахаас өмнө мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллага. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гадаад улсад мөрдөн шалгах ажиллагааг эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн дагуу хүсэлт тавьж хийлгэдэг. Энэ дагуу хийгдэж ирсэн ажиллагааг шүүхийн шатанд хэрхэн яаж нотлох баримтаар үнэлэх вэ гэдэг нь чухал асуудал. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хөрөнгө буцааж авах, эргүүлж авчрах ажиллагаа хийгдэх эрх үүсдэг. Бидний яриад байгаа асуудал бол шүүхийн шийдвэр гараагүй мөрдөн шалгах ажиллагааны явцад байгаа асуудал. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө нь гэмт хэргийн замаар олсон гэдгийг шүүх эцэслэн тогтоогоогүй байгаа гэсэн үг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад манай байгууллагаас НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн БНХАУ, Сингапур, Панам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Швейцарь, АНУ, Канад, Хонконг, Австри улс зэрэг орнуудын хууль хяналтын байгууллагуудад хүсэлт хүргүүлж холбогдон ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд FATF, Интерпол, СтАР санаачилга, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Төв банкны Санхүү мэдээллийн алба зэрэг эрх зүйн харилцан туслалцааны гэрээ шаардагдахгүй эх үүсвэрүүдийг ашиглаж холбогдох хүсэлтийг хүргүүлэн шаардлагатай мэдээллийг 2008 оноос хойш авч ажиллаж ирсэн. Харамсалтай нь дээрх эх үүсвэрүүдээс олж авсан мэдээллийг нотлох баримтын хэмжээнд шууд үнэлэх практик манай улсад байдаггүй. Гадаад улсад буй хөрөнгийг гэмт хэргийн замаар бий болсон гэдгийг тогтоосон шийдвэр шүүхээс гарсан тохиолдолд тухайн улсын хуулийн байгууллагад нь тэр шийдвэрийг хүргүүлэн хөрөнгийг буцаан авах боломжтой. Хэрвээ эдгээр мэдээллүүдийг нотлох баримтын хэмжээнд шууд үнэлэх юм бол авлигын гэмт хэргийг шийдвэрлэх, хөрөнгийг буцааж авах ажилд ихээхэн тус дөхөм болно. Тийм учраас энэ чиглэлээр прокурор, шүүхийн болон бусад хуулийн байгууллагын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг АТГ ирэх долоо хоногт зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна.
Тодотгож хэлэхэд С.Баярын хамаарал бүхий этгээдүүд АНУ-д 7 байшин худалдан авсан асуудлаар АНУ-ын эрх бүхий байгууллагуудтай шууд харилцаж мэдээлэл солилцон ажиллаж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн хүрээнд Австрийн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн Оюу толгойн гэрээтэй холбоотой хэргийн хүрээнд ИБУИНВУ-ын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Канадын Морьт цагдаагийн газар зэрэг байгууллагуудтай Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хүрээнд хамтран ажиллаж байгаа.
-Олон нийтийн зөвлөлийн гишүүд хууль журамдаа АТГ-ыг дэмжиж ажиллах ёстой юу, хяналт тавих үүрэгтэй юу. Шинээр байгуулагдсан олон нийтийн зөвлөл эрх хэмжээндээ, хууль журмын дагуу ажиллаж чадаж байна уу?
Т.Баярхүү: -Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас бусад үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй. Одоогийн байдлаар зөвлөмж өгсөн асуудал алга. Харин эсрэгээрээ шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа эрүүгийн хэргүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа нь зохимжгүй. Магадгүй зарим тохиолдолд ярьж байгаа зүйлүүд нь хууль зөрчсөн үйлдэл болохыг үгүйсгэхгүй. Нэр нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл боловч улс төрийн намын Хууль зүйн бодлогын салбар зөвлөлийн дарга гэх мэт тодорхой хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс уг зөвлөлд гишүүнээр томилогдсон байдаг.
-АТГ орон нутагт салбаргүй. Тоолоод үзвэл 30 гаруй мөрдөн байцаагчтай гэдэг. Авлига, албан тушаалын томоохон хэргүүдтэй тэмцэхэд хүн хүч хүрэлцдэг үү?
Т.Баярхүү: -АТГ-т ирж буй өргөдөл, гомдол, мэдээлэл, АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг сүүлийн гурван жилийн нэгдүгээр улирлын байдлаар харьцуулахад сүүлийн жилд мөрдөн шалгах хэргийн ачаалал гурав дахин өссөн гэж хэлж болно. 2017 оны 1 дүгээр улиралд 114 хэрэг шалгагдаж байсан бол энэ жилийн мөн үед 374 хэрэг шалгагдсан байна. Өмнөх жилүүдэд байнгын ажиллагаанд 50-60 хэрэг шалгагддаг байсан бол энэ онд 270-300 хэрэг шалгагдаж байна. Үүнтэй холбоотойгоор шалгагдсан хэргийн тоо 5 дахин өссөн, мөрдөгч нарын ачаалал нэмэгдсэнээс хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажилтай холбоотой зарим хүндрэлүүд гарч байгаа. Хөдөө орон нутгаас ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн тоо ч өссөн. Тэр бүр манай мөрдөгч нар хүрч ажиллаж чадахгүй байна.
-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлыг шалгуулахаар өөрийн биечлэн ирж албан тоот өгч байсан. Одоо Тавантолгойг шалгаж байгаа гэдэг мэдээлэл гарч байна. Х.Баттулга гишүүн байхдаа хүсэлт өгөхөд нь шалгаагүй мөртлөө одоо Ерөнхийлөгч болчихоор нь шалгаж байгаа юм шиг сонин зураглал харагдаад байна л даа. Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлыг өмнө нь яагаад шалгаагүй, одоо яагаад шалгаж байгаа юм?
Э.Идэрцог: -Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр АТГ-т Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлаар шалгуулах хүсэлт гаргасан байдаг. АТГ гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад тухайн үеийн хуулийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж хүмүүсээс тайлбар байцаалт авч тодорхой нэгжлэг үзлэг хийхийг прокуророор батлуулж бичиг баримтыг хураан авч ажиллагаа явуулаад 2012 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тухайн үеийн Эрүүгийн хуулийн 150, 263.2 гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар шилжүүлснийг Нийслэлийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзаж шийдвэрлэсэн байсан. Үүнийг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-т заасан зүйл ангиар хэрэг бүртгэлт нээж тус газарт шилжүүлж ирүүлснийг шалгаж байна. Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шалгаж байна. Тухайн үеийн албан тушаалтнуудын оролцоог нягталж байна.
-Сайд Фортуна Батбаяр, Сономпил, Баянсэлэнгэ гээд өмнөх засгийн үед ажиллаж байсан олон хүнтэй холбоотой асуудлыг АТГ шалгаж байна. Эрх мэдэлгүй болчихсоныг нь шалгаад харин эсрэгээрээ эрх мэдэлтэй нөхдийг шалгаж чадахгүй байгаа юм биш үү? МАН-ын эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой шалгагдаж байгаа хэрэг байгаа юу?
Э.Идэрцог: -2016 оны сонгуулийн дараа Хөгжлийн банкны үйл ажиллагаанд УИХ, Засгийн газраас орсон удаа дараагийн шалгалтын хүрээнд 6 орчим их наяд төгрөгийн зөрчил дутагдал илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг энэ төсөл хөтөлбөрийг нэг бүрчлэн шалгасан. Эдгээрээс эрүүгийн хэргийн шинжтэй, албан тушаалаа хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн байдлууд тогтоогдсоныг нь тусгаарлан прокурорт шилжүүлсэн. Эхнээсээ шүүхээр шийдвэрлэгдэж байна. Энэ дотор тухайн үеийн Засгийн газрын сайд нар бий. АТГ ямар нэг намаар ялгаварласан асуудал байхгүй. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг бүх хэлбэрээр хүлээн авч шалгадаг. Хуульд заасан эрхийнхээ дагуу шалгалтын ажиллагааг явуулдаг. Прокурорын хяналтад үйл ажиллагаа явуулж байна. Мөн гэмт хэргийн шинжтэй тодорхой гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт одоо эрх барьж байгаа намаас ч холбогдон шалгагдаж байгаа хүмүүс бий.
-С.Баярцогттой холбоотой асуудлыг хэзээнээс шалгаж эхэлсэн бэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга АНУ явж ирсний дараа мэдээлэл гарч ирсэн болохоор ингэж асууж байна л даа?
Э.Идэрцог: -Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Сангийн сайд асан С.Баярцогтоос мэдүүлэг авсан. Ерөнхий сайд асан С.Баяраас мөн мэдүүлэг авсан. Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ асуудалд тухайн үеийн шийдвэр гаргагчдын буруутай үйлдэл тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ. Нарийвчлах, нягтлах ажил бий. С.Баярцогтод 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр АТГ-аас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо төрийн бус байгууллагын ажилтан Туяацэцэг гэх эмэгтэй 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Швейцарьт асуудал тавьж Швейцарийн талаас С.Баярцогтод холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж Авлигын эсрэг НҮБ-ын хүрээнд хамтран шалгаж байна. Хэрэг үүссэн. Ирэх сард Швейцарийн талаас тодорхой хариултууд ирнэ. Энэ мэтээр хамтран ажиллаж байна. Түүнээс биш Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг АНУ-аас эргэж ирсний дараа энэ асуудал гарч ирсэн зүйл байхгүй.
-Авлига, албан тушаалын томоохон хэргүүд дээр төрийн өндөр албан тушаалтнуудаас дарамт шахалт хэр ирдэг вэ?
Т.Баярхүү: -Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. АТГ-ын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй боловч сүүлийн үед дээрх зарчмууд алдагдаж зарим эрх бүхий албан тушаалтнуудаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөлөх оролдлого гарч байна. Гэхдээ АТГ хуулийн дагуу хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно.
-Оффшорын хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо нэмэгдсэн үү?
Х.Хашбаатар: -Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.1-ээр нэмэгдсэн оффшор бүс дэх данс эзэмших, аж ахуйн үйл ажиллагаа явуулах, үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглоно гэсэн заалтын хүрээнд 3 сарын хугацаанд нийтийн албан тушаалтнууд эдгээр үйл ажиллагааг цэгцлэх ёстой байсан. Энэ хүрээнд АТГ-т аж ахуйн нэгжээ бусдад шилжүүлсэн гурван албан тушаалтан мэдэгдсэн. Үүнээс хоёр нь УИХ-ын гишүүн, нэг Монголбанкны ажилтан. Оффшор бүсэд эмчлүүлэх, суралцах, ажиллах хугацаандаа данс, үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн тухайгаа 18 албан тушаалтан мэдэгдсэн.
Үүн дээр нэг зүйлийг хэлэхэд төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын ХОМ-ийг 3 дугаар сарын 28-ны өдөр гаргана. Мөн 40071 албан тушаалтны ХОМ-ийг Хувь хүний нууцын тухай хуульд заасан зохицуулалттай уялдуулан хураангуй хэлбэрээр төрийн өндөр тушаалтнуудынхтай адил хэлбэрээр нийтэд мэдээлэхээр хуваарь гаргасан байгаа. 5 дугаар сар хүртэлх хугацаанд 40 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд хураангуй хэлбэрээр зарлана.
Батлагдсан хуваарийн дагуу
- 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрийн өндөр тэдгээртэй адилтгах албан тушаалтнууд,
- 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр шүүх эрх мэдлийн байгууллагууд, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд,
- 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагууд,
- 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн харьяа байгууллагууд, УИХ-ын харьяа байгууллагууд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуй хэлбэрээр ил тод байршуулна.
Оффшор бүсэд Монгол Улсын иргэд хуулийн этгээд үүсгэн байгуулсан, банкинд данс нээлгэсэн асуудалтай холбоотой нийт 4 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Монгол Улсын иргэд гадаад улсаас хөрөнгө оруулалт татах, гадаадын иргэдтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын иргэдээр, эсвэл өөрийн биеэр болон интернетээр холбогдож БНХАУ, Сингапур, Хонконг зэрэгт байрлах зуучлалын үйл ажиллагаа явуулдаг компаниудаар дамжуулан Сейшел, Гибралтар, Бермуд, Британийн Виржинийн арлууд, Кипр зэрэг оффшор бүсэд хуулийн этгээдүүдийг байгуулсан болох нь тогтоогдсон.
-Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудал юу болж байгаа вэ?
Э.Идэрцог: -УИХ-ын гишүүн Д,Гантулгатай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Хэрэг дээр ажилласан цагдаагийн албан хаагч, шинжээчид дээр албан тушаалын гэмт хэрэг байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Ажлын хэсэг Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. Мөн шинжээч томилж хэргийн дүгнэлт гарсан. 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн. Тогтоолыг танилцуулахаар Д.Гантулгад одоогоор нийтдээ 18 удаа хандаад байна. Өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүмүүст ханддаг. Гишүүн хуралтай, хөдөө орон нутагт, гадаадад томилолттой гэх шалтгаанаар Прокурорын дуудах хуудсыг хүлээж авдаггүй. Энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2.6-д заасны дагуу дуудагдсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол баривчилна гэх үндэслэл болж байгаа тул Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хандсан ч үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Шалгалтын ажил үргэлжилж байна. Шаардлагатай гэж үзвэл гишүүнийг баривчлах саналыг эрх бүхий байгууллагад дахин тавих болно.
-Монголбанкны Н.Золжаргалын хэрэг ямар шатандаа байгаа вэ? Төмөр замын хэргийн талаар мэдээлэл өгч болох уу?
Э.Идэрцог: -Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалтай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. УИХ-ын Байнгын хороогоор уламжлаад Аудитын байгууллагын төлөвлөгөөнд оруулсны дагуу Монголбанкны шалгалт орсон. Шалгалтын дүн энэ сарын сүүлээр гарна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэлээд зөрчил дутагдал тогтоогдож байгаа. Мөн гадаад улсад мэдээ мэдээлэл солилцож хамтран шалгах ажиллагаа хийгдэж байна.
Төмөр замтай холбоотой хэрэгт Ганбат, Бат-Эрдэнэ нар эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө гадаад улс руу явсан байдаг. Энэ хэрэг шалгагдаж байгаа. Солонгосын иргэнтэй холбоотой асуудлыг шүүхэд шилжүүлж байгаа.
-60 тэрбумын хэрэг юу болсон бэ?
Э.Идэрцог: -60 тэрбумын хэрэг дээр Нийслэлийн прокурорын газар шийдвэрээ гаргасан. Энэ тухайгаа нийтэд мэдээлсэн.
-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг шалгаж байгаа юу?
Э.Идэрцог: -Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой ямар нэгэн гомдол, мэдээлэл, шалгагдаж байгаа асуудал байхгүй.
Т.Баярхүү: -За, одоо өөр асуулт байхгүй бол үүгээр хэвлэлийн хурлыг өндөрлөе. Та бүхэнд баярлалаа. Зарим асуултын дэлгэрэнгүй хариултыг цахим хуудсанд байршуулах болно.