Мөрдөх Төв Товчоо төмөр замын ахлах албан тушаалтан болон өөр хоёр этгээдийг 1 крор рупийн хээл хахуулийн хэргээр баривчлав
Энэтхэгийн Мөрдөх Төв Товчоо (МТТ) өнгөрөгч ням гарагт Зүүн хойд
Хилийн Төмөр замын захиргааны албаны даргыг (барилга угсралтын) хувийн компанид ашигтай гэрээ байгуулахад нь давуу тал олгосны төлөө 1 крор рупи авсан хэргээр баривчилсан нь хээл хахуулийн хамгийн том хэргийг илрүүлсэн тохиолдол боллоо хэмээн албаны хүн мэдэгдсэн байна.
Энэтхэгийн Төмөр замын инженерийн үйлчилгээний 1985 дугаар ангийн албан тушаалтан Mahender Singh Chauhan-ийг Ассам мужын Гувахати хотын Малигаон дүүргээс баривчилсан бол нөгөө хоёр этгээд болох ABCI Infrastructures Private Limited компанийн ажилтан Bhupendra Rawat, Indra Singh нарыг Chauhan-ий зааврын дагуу хээл хахуулийг дамжуулсан Уттараканд мужийн Дерадун хотод саатуулсан байна.
МТТ 2.14 крорыг бэлнээр, 1 крорыг Дерадунаас, 54 лакыг нэгжлэгийн явцад, бас өмнө нь хахуульд төлсөн 60 лакыг тус тус хурааж аваад байна гэж албаны хүн мэдээлэв.
Мөн тус агентлаг төмөр замын ажилтнууд болох Hem Chand Borah (ерөнхий инженерийн орлогч), Laxmi Kant Verma (гүйцэтгэх инженерийн туслах), ABCI Infrastructures Private Limited компанийн захирал Pawan Baid нарыг нотлох баримттайгаар баривчилсан байна.
Chauhan (58 настай) нь Зүүн хойд Хилийн Төмөр замын олон төслийн гэрээг байгуулахдаа хэрэгт сэжиглэгдэж буй компаниудад давуу байдал үзүүлэхийн тулд хахууль нэхсэн хэмээн буруутгагдаж байгаа бөгөөд "Хууль бус шан харамжийн хариуд гэрээ байгуулах, дараагийн төлбөр тооцоог хийх, төлбөрөөс чөлөөлөгдөх гэх мэт хөнгөлөлтүүдийг гэрээлэгчид төрийн албан тушаалтнуудаас авч байсан" хэмээн МТТ-ны хэвлэлийн төлөөлөгч Joshi мэдэгдэлдээ дурджээ.
Тус агентлагаас хувийн компанийн захирал Baid-ыг Зүүн хойд Хилийн бүс нутагт хэрэгжиж буй янз бүрийн төслүүдтэй холбоотойгоор Chauhan-тай хамааралтай гэж мэдэгдсэн байна.
"Түүнчлэн түүний(Chauhan-ы) нэхсэний дагуу Дерадун дахь байрандаа өөрийн ажилтнаар дамжуулан захиргааны албаны даргын хамаатанд (хувь хүнд) нэг крор рупийн хахууль өгсөн нь батлагдсан" хэмээн дээрх мэдэгдэлд дурджээ.
МТТ шаардлагатай мэдээллүүдийг олж авсны дараа Уттараканд болон Ассам дахь хэд хэдэн байршилд багуудаа байршуулж, отолт хийсэн байна. Хээл хахуулийн мөнгө хүргэгдэж, сэжигтэн отолтод орж ирмэгц нэг баг дайрч орсон байна. Улмаар байцаалт, нэгжлэг хийсний дараа Chauhan-ыг мөн баривчилжээ.
МТТ-ны багууд Дели, Уттараканд, Трипура, Баруун Бенгал, Ассам гэсэн таван мужийн 21 байршилд өргөн цар хүрээтэй шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Агентлаг нь Зүүн хойд Хилийн Төмөр замын төслийн гэрээнүүдтэй холбоотой хээл хахуулийн хэмжээ болон бусад бичиг баримтыг олж тогтоосон гэж мэдэгдэлд дурджээ.