Авлигатай тэмцэх асуудлаар мэдээлэл солилцох баримт бичигт гарын үсэг зурахаар болов /2009.07.26/
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа тэргүүтэй тус газрын төлөөлөгчид 2009 оны 7 дугаар сарын 20 - 24-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирлээ.
Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ма Кай-тай тэргүүн комиссар Ч.Сангарагчаа уулзалт хийж, хоёр орны авлигатай тэмцэх бодлогын талаар харилцан санал солилцож авлигатай тэмцэх чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг санал нэгтэй тэмдэглэлээ.
Мөн тэргүүн комиссар Ч.Сангарагчаа БНХАУ-ын Хяналт шалгалтын сайд, Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга Ма Вэнтэй уулзаж хоёр орны авлигатай тэмцэх байгууллагын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, авлигатай тэмцэх асуудлаар харилцан мэдээлэл солилцох хамтын ажиллагааны бичиг баримтанд гарын үсэг зурахаар шийдвэрлэв.
Айлчлалын хугацаанд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид Бээжин хотын Чун Вэн дүүрэг, Гуанжоу муж, Шэнжэн хотын Хяналт шалгалтын албанд зочилж авлига, хүнд сурталтай хэрхэн тэмцэж байгаа болон төрийн албанд цэгц шудрага байдлыг тогтоох талаар зохион байгуулж буй ажлын туршлагатай танилцлаа.