Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байдлыг хянан шалгах ажил үргэлжилж байна/2009.09.03/
-Шалгалтын хүрээнд найман байгууллагын 22 албан тушаалтан хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлснийг тогтоолоо-
Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байдлыг хянан шалгах ажил тогтмол хийгдэж байна. Энэхүү хяналт шалгалтаар нийтдээ 500 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан бөгөөд ихэнх албан тушаалтнууд хуулийн дагуу хугацаанд нь үнэн зөв мэдүүлжээ.
Түүнчлэн хууль зөрчиж мэдүүлсэн нь ч бас шалгалтаар тогтоогдож байна. Хяналт шалгалтын ажлын хүрээнд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсвэл эх үүсвэрийг нь заагаагүй буюу тухайн хөрөнгө, орлогоо хэрхэн олсон талаар тайлбар өгөөгүй зэрэг зөрчил гаргасан төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаад нэр бүхий 8 төрийн байгууллагын 22 албан тушаалтан хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн болохыг тогтоогоод байна.
Тухайлбал,
Улаанбаатар төмөр замын -2
Нийслэлийн хүүхдийн төлөө газрын -1
Газрын тосны хэрэг эрхлэх газрын -5
Цагдаагийн ерөнхий газрын -1
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын -3
Ашигт малтмалын газрын -3
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын -6
Гаалийн ерөнхий газрын -1 албан хаагч, нийт төрийн найман байгууллагын 22 албан тушаалтан хөрөнгө орлогоо санаатай худал мэдүүлжээ.
Хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлсэн бол энэ нь Авлигын эсрэг хуулийн дагуу тухайн албан тушаалтныг ажлаас нь халах, түдгэлзүүлэх, огцруулах үндэслэл болдог.
Иймд Авлигатай тэмцэх газраас дээрх нэр бүхий найман байгууллагын удирдлагуудад хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн албан тушаалтнууддаа Авлигын эсрэг хуулийн 13.5-д заасны дагуу хариуцлага тооцохыг сануулсан албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт дээрх байгууллагын удирдлагууд тухайн албан тушаалтандаа ямар хариуцлага тооцсон талаараа 9 дүгээр сарын 15-ны дотор хариу мэдэгдэх үүрэгтэй юм.
Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг хүлээн аваад, түүний дагуу холбогдох арга хэмжээг авсан эсэх тухайгаа хариуг хугацаанд нь өгөөгүй албан тушаалтныг 150000-200000 төгрөгөөр торгох заалттай.