Nov 08, 2017         3

Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Баян-Өлгий аймаг болон тус аймгийн Сагсай, Бугат, Өлгий сум, Цагааннуур тосгонд ажиллалаа.

2016 оны 9 дүгээр сараас хойш аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдах албан тушаалтнууд болон Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдаагүйгээс 48 хүн түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч 7 хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглоно гэж заасныг зөрчиж байна.

Аймгийн хэмжээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаарх мэдэгдэл, тайлбарыг гаргадаггүй бөгөөд энэ чиглэлийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажилладаг 3 албан хаагч хуульд заасан хугацаа хожимдуулж хөрөнгө, орлогоо мэдүүлсэн, 1 албан хаагч огт гаргаагүй байсан зөрчлийг газар дээр нь арилгуулж тэдгээр албан хаагчдад томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал нь эхнэр, төрсөн дүү нар, хүргэн буюу өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн хамт ажилладаг бөгөөд 2017 онд багш ажилчдын үр дүнгийн урамшуулал олгохдоо тушаал гаргаагүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдэгдэл тайлбар гаргаагүй байна.

Засаг даргын нөөц хөрөнгийг Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан нийтлэг журамд заасан зориулалтаас өөрөөр зарцуулсан зөрчил бүхий л шатанд түгээмэл байна. Журмын 2.1.3-д заасан үндэслэлийг дурдаж албан хаагчдын урамшуулал, зочид төлөөлөгчдийг дайлах, баяр наадам тэмдэглэх, улсын цол авсан бөхийг шагнах зэргээр зориулалтын бусаар зарцуулсан байх бөгөөд нийгмийн халамжаас олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг Засаг даргын нөөц хөрөнгөөс давхардуулан олгосон зэрэг зөрчил, дутагдлыг гаргажээ.

Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигын эсрэг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр ажиллах М.Нурбол, Ц.Хорлоо, Ө.Сауле нартай гэрээг шинэчлэн байгуулав.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us