Баянхонгор аймаг дахь Олон нийтийн дэд зөвлөлийн ажлыг эхлүүллээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баянхонгор аймаг дахь “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Д.Чимэг, Д.Ариунтуяа, Б.Булганцэцэг нартай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Отгонбаяр, Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч А.Дөлгөөн нар “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа. Гэрээ байгуулахад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дашцэрэн, Хууль зүйн хэлтсийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Уранчимэг нар байлцав.
Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн Д.Чимэг, Д.Ариунтуяа, Б.Булганцэцэг нар нь Баянхонгор аймаг дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, хүнд суртал чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллана.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон бусад хууль, тогтоомжид заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүрэг дэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, төсөв санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих чиг үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд”-ийг аймаг бүрт сонгон шалгаруулсан билээ.