Дорнод аймаг дахь Олон нийтийн дэд зөвлөлийн ажлыг эхлүүллээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон Улсын бүртгэлийн хэлтэс, Гаалийн газарт ажиллаж, удирдах албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээий нөхцөл байдал, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүд, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэв.
Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх нар аймгийн Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Т.Энхтуяа, А.Солонго, Л.Отгонбат нартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Дээрх 3 иргэн нь аймаг орон нутгийнхаа төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг хянах бөгөөд хүнд суртал чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэрийг ил тод, нээлттэй болгох, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг бүрдүүлэх зэргээр хамтран ажиллана.
Ажлын хэсэг өнөөдөр Сүхбаатар аймаг руу хөдөллөө. Тэд 2017 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Сүхбаатар аймаг болон тус аймгийн зарим суманд ажиллана.
Ажлын хэсэг хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна орон нутгийн нөхцөл байдлыг судлан үнэлэлт дүгнэлт өгөх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр зарим арга зүйн зөвлөмж, чиглэлийг газар дээр нь өгч ажиллаж байна.