Oct 09, 2017         3

Х.ХАШБААТАР: ОФФШОР БҮС ДЭХ ХӨРӨНГӨӨ БУЦААН ТАТАХАД ГУРВАН САРЫН ХУГАЦАА БИЙ

Нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн дөрвөн сая 370 мянган ам.доллараа оруулж ирсэн. Энэ нь оффшор бүэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатартай ярилцлаа.

-Оффшорын тухай хууль батлагдсанаас хойш Монгол Улсын нэг иргэн дөрвөн сая 370 мянган ам.доллараа оруулж ирсэн. Үүний цаана хэчнээн иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг гэх судалгаа бий вэ?
-Нийтийн албанд ний-тийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлд УИХ-ын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хурлаар нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулиар нийтийн албан тушаалтан оффшор бүсэд данс нээлгэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглосон заалтыг оруулж ирсэн. Мөн нэг зохицуулалт хийсэн нь Монголбанк болон Сангийн яамны саналыг үндэслэж Засгийн газар оффшор бүсийг тодруулж өгнө гэсэн байгаа. Оффшор бүсийг наймдугаар сарын 31-ны өдөр Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор 49 орныг баталж өгсөн. Үүнийг албан ёсоор баталж, хэлбэржүүлэн манай байгууллагад өчигдөр (уржигдар) ирүүлсэн. Энэ 49 оронд нийтийн албан тушаалтан одоогийн байдлаар 39742 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байгаа. Хуулиар эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд данс эзэмшихийг хориглож байгаа гэж хэлж болно. Хамаарал бүхий этгээд гэдэгт, эхнэр, нөхөр, тэдний төрсөн ах, дүү болон гэр бүлийн гишүүн цаашлаад нэгдмэл сонирхолтой этгээд орно. Нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь эзэмшигчдийг хамруулна. Эдгээр хүмүүс оффшор бүс дэх 49 улсад данс болон эд хөрөнгө эзэмшдэг бол энэ асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Хугацааг өчигдрөөс (уржигдар) тоолж эхэлсэн. Хэрвээ хуульд заасан гурван сарын хугацаанд оффшор бүс дэх хөрөнгөө буцаан татахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна. Хэрвээ хөрөнгөө эргүүлэн татсан бол нэг сарын дотор манай байгууллагад мэдэгдэх ёстой. Ингээд тооцвол хөрөнгөө эргүүлэн татахад дөрвөн сарын хугацаа өгч байна гэсэн үг.
-Оффшор бүсэд манай улсаас 43 иргэн данс эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Эдгээр хүнийг бүгдийг нь шалгаж байгаа юу?
-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос мэдэгдэж байгаагаар монголын 43 иргэн, аж ахуйн нэгж үүнд хамаардаг. Эдгээрээс төрийн албанд ажиллаж байсан болон төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан тэдгээрийн хамаарал бүхий 23 хүнийг манай байгууллагаас шалгаж байгаа. Тэдний нэг нь болох хүн дөрвөн сая ам.доллараа эргүүлэн татсан. Цаашид энэ асуудал иргэдийн сайн дурын асуудал болно гэж ойлгох хэрэгтэй. Хууль бусаар албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахуулиар олж авсан хөрөнгөө оффшор бүсэд байршуулсан бол улсын хөрөнгө болгох асуудлыг хууль, зүйн үүднээс тусдаа яригдана. Өөрөөр хэлбэл, оффшор бүсээс орж ирсэн мөнгө бүрийг улсын орлого болгоно гэсэн үг биш. Нөгөө талдаа офшор бүс гэдгийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Нэг талаас нь харвал татварын таатай орчинг бүрдүүлсэн, өндөр нууцлалтай бүс. Мэдээллийг өндөр нууцлалтай хадгалдаг учир татвараас зайлсхийсэн, хууль бус орлогоо нуун дарагдуулах эсвэл бүр татварын таатай орчинг нь ашиглаж бизнесийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүссэн зэргээр янз бүрийн ашиг сонирхолтой иргэд оффшор бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийг ялгаж салгах хэрэгтэй. Оффшор бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг бүх компани хууль бус гэж ойлгож болохгүй. Нөгөө талаасаа эдгээрийг бүгдийг нь мөнгө гэж харж болохгүй. Хэдийгээр компани байгуулсан ч дансандаа мөнгөтэй байж болно, эсвэл хоосон байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг л хяналт, шалгалтаар илрүүлэх юм. Гэхдээ хуульд нэг зохицуулалт хийсэн. Магадгүй дээрх иргэний хамаарал бүхий иргэд оффшор бүсэд бүртгэлтэй улсад эмчлүүлэх, сургалтын төлбөрөө төлөх, аялах, томилолтоор явах үед банканд данс нээлгэх болбол манай байгууллагад заавал мэдэгдэх үүрэгтэй.
-Шалгагдаж байгаа 23 иргэн оффшор бүс дэх дансанд хэдэн ам.доллар хадгалдаг талаарх мэдээлэл өгөх боломжтой юу?
-Энэ асуултад Мөрдөн шалгах хэлтсийнхэн хариулах боломжтой.
-Хуулийн дагуу гурван сарын хугацаа өгчихлөө. Энэ хугацаанд багтаж хөрөнгөө эргүүлэн татаагүй тохиолдолд хуулиар ямар арга хэмжээ авах вэ?
-Тухайн үед оффшор бүсэд хууль ёсны дагуу данс, компани эзэмшиж байсан бол хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй байсан. Тэгвэл хууль хэрэг-жиж эхэлснээс хойш ямар ч тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.
-УИХ-ын гишүүний байсан ч уу?
-Өмнө нь сонгогддог албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах хууль, эрхзүйн үндэслэл байгаагүй. Тэгвэл энэ хууль хэрэгжиж эхэлснээр эгүүлж татах үндэслэл болж байгаа. Харин томилогддог албан тушаалтны хувьд ажлаас чөлөөлөх үндэслэл болно.
-Оффшорын тухай хууль батлагдчихлаа. Иргэд эхнээсээ энэ бүсэд байршуулсан хөрөнгөө оруулж ирж байна. Цаашид танай байгууллагаас иргэдийг соён гэгээрүүлэх тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Засгийн газраас баталж ирүүлсэн 49 орны нэрсийг зөвлөмж байдлаар төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн удирдах байгууллагад хүргүүлж байна. Энэ зөвлөмжид энэ 49 оронд данс эзэмшсэн, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол үүнийгээ хэрхэн цэгцлэхэд туслахаас гадна хариуцлагын тогтол-цооны талаарх мэдээллийг багтаасан.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин. 2017.10.06. 

Ярилцсан Г.Нацаг-Эрдэнэ 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us