Jan 03, 2018         13

Ц.Цэцэгдэлгэрэх: Оффшор бүсээс данс, эд хөрөнгөө татах нэг хоногийн хугацаа үлдлээ

iaac

 

 

Авлигатай тэмцэх газраас оффшор бүс дэх 49

 

 

улсад данс болон эд хөрөнгө эзэмшдэг албан тушаалтнуудыг асуудлаа цэгцлэх гурван сарын хугацаа өгсөн. Энэ хугацаа маргаашаар дуусгавар болж буй. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-АТГ-т мэдүүлэх нэг сарын хугацаа олгож байна-

-Оффшор бүсээс хөрөнгөө татах хугацаа дуусч байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, данс эзэмших, хуулийн этгээд үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөхийг хуулиар хориглож өгсөн. Оффшор бүс нутагт ямар бүс нутаг хамаарах вэ гэдгийг Засгийн газрын тогтоолоор батална гээд хуулинд өөрчлөлт орсон. Үүнтэй уялдуулан өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор оффшор бүсэд 49 улс орныг багтаасан жагсаалт баталсан. Энэ тогтоол АТГ-т аравдугаар сарын 4-ний өдрөөс албажиж ирсэн. Тэгэхээр хуулиараа аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд 49 оффшор бүс нутагт мэдүүлэг гаргагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татах ёстой. Энэ гурван сарын хугацаа энэ сарын 4-нд буюу маргааш дуусгавар болж байна. Тиймээс хугацаа нь дуусч байгаа шүү гэдэг зөвлөмж чиглэлүүдээ бүх яам, агентлаг, орон нутаг руу хүргүүлсэн.

-Хуулийн хугацаа дууссаны дараа хөрөнгөө татаагүй бол шууд арга хэмжээ авч эхэлнэ гэсэн үг үү?

-Энэ хугацаанд оффшороос мөнгөн хөрөнгөө татсан холбогдох албан тушаалтнуудад дахин 30 хоногийн хугацаа өгч байгаа. Энэ нэг сарын хугацаанд оффшор бүсээс хөрөнгөө татсан тухайгаа АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 4-ний дотор АТГ-т эд хөрөнгөө татсан тухайгаа мэдэгдэж бүртгүүлнэ.

-Оффшорын 49 бүс нутагт сүүлд нэмэлт өөрчлөлт оруулж, 15 улсыг шинээр нэмсэн. Эдгээр бүсүүдэд дээр хугацаа бас хамааралтай юу?

-Олон нийтийн дунд оффшор бүсэд хөрөнгөтэй гэж дуулиан дагуулж байсан хүмүүсийн хөрөнгөө байршуулсан улс энэ жагсаалтад байхгүй байна, Монголчууд төдийлөн зорчдоггүй бүс нутаг байна гэсэн гомдлууд иргэдийн зүгээс их гарч байсан. Тиймээс оффшорын 49 бүс нутагт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын 326 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл офшшор бүсэд 15 улсыг шинээр оруулсан. Тухайлбал, монголчуудын ихэнхдээ зорчдог Хонконг, Сингапур, Швейцарь, Макао, Малайз зэрэг 15 улс багтсан. Энэ бүс нутгуудад оффшор данстай иргэд Засгийн газрын тогтоол батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд оффшор бүс дэх дансаа хаах ёстой. Өөрөөр хэлбэл гуравдугаар сарын 6-нд хугацаа нь дуусна.

-Албан тушаалаас нь халах, эргүүлэх татах хүртэл хуулийн хатуу зохицуулалттай-

-Хэрвээ заасан хугацаанд хөрөнгөө татаж, АТГ-т энэ тухайгаа мэдүүлэхгүй бол хуулиараа ямар хариуцлага хүлээлгэх заалттай вэ?

-Хэрвээ заасан хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдах хүртэл хуулийн хатуу зохицуулалттай. Тиймээс мэдүүлэг гаргагч нар энэ асуудалд маш их ач холбогдол өгөх ёстой. Тэдэнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байгаа юм. Энэ хууль батлагдахаас өмнө оффшор бүсэд хууль ёсны дагуу данс, компани эзэмшиж байсан бол хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй байсан. Одоо ямар ч тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь энэ. Тэр ч бүү хэл иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах, томилогддог албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх бүрэн боломж бүрдсэн.

-Өнөөдрийн байдлаар оффшор бүс дэх дансаа хаасан, хөрөнгөө татсан албан тушаалтнуудын тоо гарсан уу?

-Хуулийн хугацаа дуусаагүй, АТГ-т мэдэгдэх сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 4-нд дуусах учраас одоогоор хэдэн хүн оффшор дансаа хаасан эсэх талаар нэгдсэн тоон мэдээлэл гарах болоогүй байна. Хуулийн хугацаа дууссаны дараа АТГ-аас энэ талаарх мэдээллийг хүргэх боломжтой. АТГ-аас албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг иргэдээс ирсэн гомдол мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгадаг. Мөн оффшор бүс нутагт данстай эсэх талаар холбогдох хяналт шалгалт хийж байгаа.

-Хуулийн хугацаа дууссаны дараа АТГ-т оффшор дансаа хаасан талаар мэдүүлээгүй албан тушаалтнуудыг шууд зарлах уу?

-Шаардлагатай гэж үзвэл АТГ-аас мэдээлж болно. Учир нь хуулиараа энэ асуудал олон нийтэд нээлттэй мэдээлэгдэх ёстой байдаг.

-Энэ жилийн хувьд АТГ-аас албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч эхэлсэн үү?

-Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд АТГ-аас улсын хэмжээнд 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж хүргүүлээд байна. Нэгдүгээр сарын 15-ны дотор АТГ бүх төрийн байгууллагуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх албан тушаалтнуудын нэрийг гаргуулж авна. Ингээд мэдүүлгээ хүлээж авна. Хоёрдугаар сарын 15-нд мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор АТГ тайлан мэдээллээ гаргах ёстой. Гуравдугаар сарын 1-нээс хойш улсын хэмжээнд нэгдсэн дүн мэдээ гарна. 2017 оны бүрдүүлэлтээр 39000 орчим мэдүүлэг гаргагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байсан.

Б.БУРМАА

Эх сурвалж

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us