Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг сургана
Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, дүүрэг болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулна.
Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо тухайн оны 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй. Хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 300 гаруй албан тушаалтанд арга зүйн заавар, зөвлөгөө өгөх үүднээс уг сургалтыг зохион байгуулах юм.
Сургалтын үеэр 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн онцлог, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Баталгааны маягт”-аар хүлээн авч бүртгэх, мэдүүлгийн цахим системийн ашиглалт, анхаарах асуудал, өргөдөл гомдлын хяналт шалгалт, нийтлэг зөрчлийн талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албан тушаалтнууд мэдээлж танилцуулна. Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд ажлын арга барил, туршлагаа харилцан солилцоно.
Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалт 2 өдөр үргэлжилнэ.