Sep 26, 2017         6

З.БААСАННЯМ: МАНАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХАМТРАН АЖИЛЛАХАД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛ БИДЭНД БАЙХГҮЙ

iaacАвлигатай тэмцэх газрын даргын баталсан журмын дагуу тус газраас сар бүрийн 25-ны өдөр үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж байхаар тогтсон билээ. Энэ дагуу тус газраас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албадын дарга нар хэрхэн хариулсныг товчоор хүргэе.

www.news.mn: -Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанитай холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Төмөр замын хэрэгт хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Прокуророос 2-3 хүнийг нь яллагдагчаар татахаас татгалзсан гэсэн мэдээлэл өгсөн. Мөрдөн байцаалтын ажиллагаа эргээд үргэлжлэх боломжтой юу? Энэ талаар мөн мэдээлэл өгнө үү. Шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар тухайн хэргийг мөрдөн байцаах хугацаа хэдэн жилээр байдаг вэ?

Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн: -Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид холбогдох хэрэгт нэр бүхий 3-4 хүнийг шалгаж байгаа. Удирдлагуудтай нь холбоотой хэрэг. Урьд нь мэдээлэгдэж байсан байх.

Төмөр замын хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгсөн байгаа. Тодорхой хэргийг хэрэгсэхгүй болсон үйлдэл, холбогдлыг нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ хэрэг дээр Зам, тээврийн сайд асан А.Гансүх болон Солонгосын “Самсунг C&T” компанийн холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт манайхаас шилжүүлсэн. Одоо Монголын төмөр замын гүйцэтгэх захирал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр мөрдөн байцаалтын ажиллагааг тасралтгүй явуулж байгаа гэж ойлгож болно.

“Өдрийн сонин”: -60 тэрбум төгрөгийн хэрэг дээр танайх мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм билээ. Гэхдээ “Чи төрийн албанд орохдоо мөнгө өгсөн үү, өгөөгүй юу” гэдэг тайлбарыг аваад л хэргийг хаачихсан гэсэн нэг мэдээлэл яваад байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу. Хоёрдугаарт, оффшор бүсэд 23 төрийн албан хаагчийн нэр байгаа. Эдгээр хүмүүсийн нэрийг яагаад зарлахгүй байгаа юм бэ? Зарлах нь хуулиараа нээлттэй биз дээ? Гуравдугаарт, авлигын индексээр манай улс 87 дугаар байрт орсон гэсэн. Энэ бол худал мэдээлэл гээд байгаа юм. Бүр хойшоо зуу гаруй руу орсон байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ асуултуудад хариулт өгнө үү.

Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн: -Эхний асуултуудад хариулъя. 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг дээр Улсын ерөнхий прокурорын тушаалаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс цагдаа болон тагнуулын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Ажлын хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд ажиллаад Нийслэлийн прокурорын газарт хянуулахаар хүргүүлсэн. Прокурорын байгууллага хэргийг хянаад шийдвэрээ гаргасан. Үүн дээр нийслэлийн прокурорын газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Хоёрдугаарт, оффшор бүсийн асуудлаар яг одоогоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокуророос бүх зөвшөөрлийг авсны үндсэн дээр иргэдэд мэдээллийг бид өгнө. Гэхдээ энэ мэдээлэл нь 2016 оны 4 дүгээр сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас нийтэд мэдээлэгдсэн. 23 хүнийг шалгаж байгаа. 29 хүн байгаа. Төрийн албан хаагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд гээд 23 хүн дээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явж байгаа.

Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням: -Транспэрэнси интернэшнл олон улсын байгууллагаас гаргадаг индексийн тухай асууж байна гэж ойлголоо. Энэ дээр зуу гаруйд орсон байсныг зохиомлоор наян хэд болгоод худал мэдээллийг нийтэд танилцуулах нь бидний хувьд боломжгүй. Энэ нь биднээс үл шалтгаалдаг ажил. ТИ байгууллагаас олон улсын шинжээчдийн өгсөн дүгнэлтээр гаргадаг үзүүлэлт. Оноог өгөхдөө 11-13 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Онооны дарааллаар нь улс орнуудыг байр эзлүүлээд олон улсад зарладаг. Дэлхий нийтэд нэгэн ижил байдлаар очиж байгаа мэдээллийг бид ямар нэгэн байдлаар хойш урагш нь ухрааж өөрчлөх боломж байхгүй. Авлигын индексийг тогтоож байгаа үндэслэлүүд нь тухайн улс орны төр, засгийн түвшинд авлигатай тэмцэх бодлого, улс төрийн хүсэл зоригийг илтгэдэг. Түүнээс тухайн улсын авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд өгч байгаа үнэлэлт дүгнэлт биш.

NTN телевиз: -АТГ-ын дэргэд Олон нийтийн зөвлөл шинээр байгуулагдсан. Та бүхэн уулзаж ярилцсан. Зөвлөлөөс шинэ журам гаргасан байна лээ. Энэ журамтай та нар танилцсан уу? Миний авсан мэдээллээр бол энэ журам хуулиас давсан агуулгатай гэж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням: -АТГ-ын дэргэд орон тооны бус Олон нийтийн зөвлөл ажиллах хуулийн зохицуулалттай. Энэ зөвлөлийн ажиллах журмыг Авлигын эсрэг хуульд тодорхой заасан байгаа. Ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг нь. Авлигын эсрэг иргэдийн санал бодлыг хүргэх, эдгээртэй холбоотой зөвлөмж хүргүүлэх гээд үүргүүд нь хуульд бий. Үүнтэй холбогдуулан авлигын эсрэг хууль тогтоомжийг Авлигатай тэмцэх газар хэрхэн хэрэгжүүлж байгааг хянах, гэхдээ үүнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажлаас бусад үйл ажиллагаа гээд заасан. Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хянана гээд заасан байгаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Ерөнхийлөгч батлаад ирүүлснийг эх хувиар нь хүргүүлж гардуулсан. Бид журамтай танилцаж байна. Энэ хурлын дараа Олон нийтийн зөвлөл мэдээлэл хийнэ. Та бүхэнд журмын талаар мэдээллээ өгөх байх. Бид журамтай танилцаад хэрвээ хуулиас давсан, бусад байгууллагын эрх хэмжээний хүрээнд хийгдэх ажлуудыг өөртөө хамаатуулж авч хийхээр ч гэдэг юм уу, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хэт нөлөөлж оролцохуйц заалтууд байвал бид энэ тухай саналаа тодорхой түвшинд нь хүргүүлэх арга хэмжээ авч болно.

NTN телевиз: -Олон нийтийн зөвлөлөөс АТГ-ын төсөв санхүүг хянана гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ нь хэр үндэслэлтэй вэ? Ер нь Олон нийтийн зөвлөлд ийм үүрэг байдаг уу?

Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням: -Шууд байгууллагын санхүү төсвийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох эрх хуулиараа байхгүй. Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хувь хүн, байгууллага хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэж заасан байдаг. Гэхдээ үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр өгч байгаа зөвлөгөө, зөвлөмжийг хүлээн авч хамтран ажиллахад татгалзах зүйл бидэнд байхгүй. Манай байгууллагын төсөв санхүүгийн мэдээлэл Шилэн дансны буландаа байнга ил тод, нээлттэй тавигдсан байгаа. Бүтэн жилийн санхүүгийн үйл ажиллагааг аудитын байгууллага жил бүр 2 удаа гүйцэтгэлийн болон хяналтын шалгалтаа хийгээд явдаг. Дүгнэлт гаргадаг. Манай байгууллагын хувьд 2007 оноос хойш жил бүрийн аудитын дүгнэлтээр ямар нэгэн зөрчилгүй гэсэн дүгнэлт гардаг. Бид Олон нийтийн зөвлөлдөө аудитын байгууллагын жил бүрийн шалгалтын тайлан, дүгнэлтийг хүргүүлэх нь чөлөөтэй. Манай төсөв санхүүгийн мэдээлэл байгууллагын цахим хуудсанд сар тутмаараа тавигддаг. Та бүхэн ч бас чөлөөтэй үзэж танилцахад нээлттэй.

“Өдрийн сонин”: -Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаа та нар байгууллагынхаа хаалгаар нэвтрүүлээгүй гэсэн. Яагаад оруулаагүй юм бэ?

Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням: -Тэр өдөр авлига, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр олон улсын хурал, сургалт болсон. Тэр өдөр мөн Ард түмний онц зөвлөл гэдэг байгууллага манай А байрны урд жагсаал хийсэн. Авлигатай тэмцэх газрын байр нь төрийн тусгай хамгаалалтад байна гээд хуулийн заалттай. Төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид А байрны нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлахтай давхацсан байсан. Миний авсан мэдээллээр, Олон нийтийн зөвлөлийн гишүүд маань буруу хаалгаар нэвтрэх гээд очсон юм билээ. Та бүхэнд хэлэхэд, Авлигатай тэмцэх газар Олон нийтийн төвтэй болсон. А байрны буюу төв хаалгаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд холбоотой хүмүүс нэвтрэхээр дотоод журамтай. Харин Олон нийтийн төвийн хаалгаар бусад иргэд, олон нийтийг нэвтрүүлнэ. Энэ дээр Баасан даргыг оруулахгүй, нэвтрүүлэхгүй гэсэн асуудал байхгүй.

-Ард түмний онц зөвлөлөөс шаардлага тавьж байгаа. Авлигатай тэмцэх газрыг ажлаа хангалтгүй хийж байгаа гэсэн шүүмжлэл байна. Энэ дээр та бүхэн ямар тайлбар өгөх вэ?

Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням: -Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Жагсах, цуглах, үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх, шаардлага тавих нь хүний эрхийн асуудал. Бид үүнд эмзэглэхгүй. Ажилд хэрэг, нэмэр болох санал, зөвлөмжийг бид хүлээж авна. Боломжгүй зүйлд боломжгүй гэсэн хариуг бас өгнө. Ардчилсан нийгэмд эрхээ эдэлж байгаа иргэдэд ямагт хүндэтгэлтэй хандана.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us