Jun 10, 2009         8

Ж.Төмөрхуяг: Бид орон нутагт шалган туслах зорилгоор ажиллаж байгаа /2009.06.10/

Авлигатай тэмцэх газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг энэ сарын 3-наас эхлэн орон нутагт шалгалтаар ажиллаж байна. Ажлын хэсэг бүх аймгаар явах бөгөөд орон нутагт шударга байдал ямар байгааг газар дээр нь шалгаж, танилцах юм. Өнгөрсөн онд аймгийн Засаг дарга, аймгуудын төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч, Авлигатай тэмцэх газрын Урдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга гэсэн талууд Авлигаас урдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээг Ерөнхий сайд, Авлигатай тэмцэх газрын дарга, Иргэний нийгмийн зөвлөлийн дарга батламжилсан. Энэхүү гэрээний дагуу Засаг дарга, төрийн бус байгууллагын сүлжээ аймаг орон нутагтаа ямар ажил хийж байгаатай танилцан, зөвлөмж өгөхөөс гадна хоёр жил тутамд гаргаж УИХ-д танилцуулдаг Авлигын индексийг гаргахад шаардлагатай судалгааг хийх давхар зорилготойгоор ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Тухайлбал, ажлын хэсэг энэ сарын 9-ний өдөр Төв аймагт ажиллалаа.
Төв аймагт ажлын хэсгийг ирээд байхад нь бид дараах сурвалжлагыг тус аймгаас бэлтгэв.
Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Урдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Ж.Төмөрхуягаас шалгалтын талаар тодрууллаа.
-Ажлын хэсэг одоогоор аль аль аймгуудад ажиллаад байна вэ, шалгалтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу хоёр ажлын хэсэг гарч, аймгуудад ажиллаж байна. Манай ажлын хэсэг энэ сарын 3-наас эхлэн графикийн дагуу говийн бүсийн аймгуудаар яваад, өнөөдөр Төв аймагт ирлээ. Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх талаар хэрхэн ажиллаж байгааг газар дээр нь шалгаж дүгнэх, ажил явуулахад дутагдаж байгаа арга зүйн талаар тусламж үзүүлэх, өөрөөр хэлбэл шалган туслах зорилгоор бид ажиллаж байгаа. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга, иргэний нийгмийн төлөөлөл, Авлигатай тэмцэх газрын байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг шалган дүгнэж арга зүйн туслалцаа үзүүлж байна. Мөн аймаг болгонд байдаг Гэмт хэргээс урдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд авлигаас урдчилан сэргийлэх талаар хэрхэн тусгаж, хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг шалгаж байгаа. Говийн бүсийн аймгуудад Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилт сайн байна. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар гэрээний дагуу үйл ажиллагааг маш идэвхтэй зохион байгуулж байна, өөрөөр хэлбэл, авлигаас урдчилан сэргийлэх ажил явуулах төрийн бус байгууллагуудын сүлжээнээс илүү сайн ажиллаж байна. Харин Өмнөговь аймагт авлигаас урдчилан сэргийлэх ажил орон нутагт явуулах төрийн бус байгууллагын сүлжээний үйл ажиллагаа сайн байна, Дорноговь аймагт хангалттай, Говьсүмбэр аймагт хангалтгүй гэж хэлж болохоор байлаа.
Өнөөдөр Төв аймагт шалгалтын ажил үргэлжилж байна, одоогоор хангалттай байна гэж хэлж болохоор байна даа.
Ажлын хэсэгт манай газрын Судалгаа шинжилгээний албаны ажилтан багтсан байгаа бөгөөд Авлигын индекс гаргахад шаардлагатай судалгаа авч яваа. Судалгааны нэгдсэн дүн шалгалтын төгсгөлд гарна.

Бид мөн Төв аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч Ч.Цэцэгээгээс дараах тодруулгыг авсан юм.
Тэрээр,
-Төв аймагт авлига хүнд суртал бүрэн арилчихаагүй, Мэргэжлийн хяналт, Газрын алба хүнд суртлаараа иргэдийг чирэгдүүлдэг. Төв аймгийн бизнес эрхлэгч 140 орчим иргэнээс гуравдугаар сард авсан судалгаагаар Мэргэжлийн хяналт, Газрын албаныхан хүнд сурталтай гэсэн тодорхойлолт гарсан. Ялангуяа Мэргэжлийн хяналтын байгууллага хүнд сурталтай, иргэдийг элдэв хууль дүрмээр чирэгдүүлдэг гэсэн дүн гарсан. Бизнес эрхлэгчид дүрэм журам яръж асуудал шийдэхгүй удааж байна гэж Мэргэжлийн хяналтын байгууллагад шүүмжлэлтэй хандсан байна лээ. Газрын алба ч гэсэн асуудалд их хойрго ханддаг болох нь хэд хэдэн судалгааны явцад ажиглагдсан. Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын хувьд иргэдэд үйлчлэхдээ бага зэргийн хүнд суртал гаргадаг гэсэн байгаа. Манай аймагт дэвшилттэй байгаа нэг зүйл бол төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэдэг болсон явдал. Иргэний бүртгэл, Нийгмийн даатгал, Газрын алба гэх зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагуудын ажилтнууд нэг дор сууж иргэдэд үйлчилдэг. Уг цэгээр үйлчилүүлсэн иргэд нэг цэгийн үйлчилгээтэй болсноор авилга хүнд суртал, хээл хахууль багассан гэж ам сайтай байдаг гэж ярилаа.
Тус аймгийн иргэдтэй уулзаж байхад, иргэн Н.Батжаргал,
-“Нэг цэгийн үйлчилгээнээс иргэний бичиг баримтай холбоотой бүх асуудлаа нэг дор шийдүүлээд гарах боломжтой байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөр, нийгмийн даатгалын асуудлыг ч нэг цэгийн үйлчилгээнээс авдаг” гэж байв. Гэхдээ нэг цэгт дээрх үйлчилгээг төвлөрүүлсэн ч төрийн бусад үйлчилгээ цалгар хэвээрээ байгаа гэдгийг иргэд хэлж байсан.

Ж.Төмөрхуяг ахлагчтай ажлын хэсгийг Төв аймагт ажиллахад нь дээрх сурвалжлагыг бэлтгэлээ. Тус ажлын хэсэг үргэлжүүлээд хангайн аймгуудаар явах юм байна. Тэд энэ сарын 10-наас Дархан, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Архангай аймгуудад графикийн дагуу ажиллана.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us