Иргэд өөрсдөө авлигыг өөгшүүлж байна
“Хахууль өгөх нь ажлаа бүтээх арга зам гэж үздэгээс иргэд авлигыг хүлээн зөвшөөрөх, өөгшүүлэх хандлагатай байгаа нь судалгаагаар харагдлаа. Мөн байгуулагдаад удаагүй байгаа Авлигатай тэмцэх газраас олон нийт ихийг хүлээж байгаа нь судалгааны дүнгээс ил байна” гэж АНУ-ын Азийн сангийн төслийн менежер Б.Даваасүрэн ярилаа.
Тус сан Монгол дахь авлигын байдлыг хянах зорилгоор хагас жил тутамд судалгаа хийж буй бөгөөд гурав дахь судалгааныхаа үр дүн, онцлогоос танилцууллаа. Өмнөх судалгаатай харьцуулахад, авлигатай тэмцэхэд хатуу ял шийтгэл хэрэгтэй гэж үзэх хандлага энэ удаа буурсан байна. Энэ нь авлигын эсрэг арга хэмжээ дээгүүр албан тушаалтнууд руу бус харин доод болон дунд төвшний албан хаагчид руу чиглэсэн гэж үзэж байгаатай холбоотой гэж судалгааны багийнхан тайлбарлалаа.
Мөн иргэд Авлигатай тэмцэх газраас авлига буурахад нөлөөлөх идэвхтэй, яаралтай арга хэмжээ хүлээж байгаа ба хэрэв тус газраас ойрын нэг жилийн дотор даацтай зүйл хийхгүй бол иргэдийн итгэл буурах хандлагатай буйг “Монгол дахь авлигын чиг хаэндлага” түүврийн судалгаа харуулж байна гэж судалгааг хамтран явуулсан Азийн сан, “Сант марал” судалгааны төвөөс сэтгүүлчдэд мэдээллээ.
“МОНЦАМЭ”. №67