Sep 26, 2017         6

Х.ЭНХЖАРГАЛ: АВЛИГАТАЙ ХИЙХ ТЭМЦЛИЙГ ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ОРУУЛАХ ЗОРИЛТЫГ БИД ТАВЬСАН

-“Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг хааж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлсэн үг-

iaacАвлигатай тэмцэх газарт зохион байгуулсан 2 өдрийн сургалтад амжилттай оролцсон та нөхдөд баярлалаа. Юуны өмнө энэ сургалтыг зохион байгуулахад чин сэтгэлийн гүн туслалцаа үзүүлсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, түүний төлөөлөл болсон бидний дотны нөхөр Роел Жансенс Танд баярласнаа илэрхийлье. Монголд анх удаа хүрэлцэн ирсэн ч Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагатай танилцах боломжийг бидэнд олгосон хатагтай Жэнифер Брачнер Танд талархсанаа илэрхийлье. Бидний ажилд зарим нэгэн ялгаа байгаа ч гэсэн үндсэн зарчим нь ижил юм байна. Цаашид үйл ажиллагаагаа холбож ажиллах том гүүр нь болж өгөхөд Та бидэнд тусаллаа.

Энэ сургалт бол манай байгууллагын ойрын жилүүдэд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд том тус дэм боллоо. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг өөр түвшинд, шинэ шатанд гаргахыг бид зорьж байгаа. Авлигатай хийх тэмцлийг иргэд, олон нийтийн хяналтад оруулж, тэдний тусламжтайгаар үйл ажиллагаагаа бусад хөгжингүй орны түвшинд хүргэе гэсэн том зорилтыг бид тавьсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн жил УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Цаашид бид “Зүүн Өмнөд Азийн бүсийн сургалтын төв” байгуулах зорилт өмнөө мөн тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Авлигын эсрэг олон улсын академи дэмжиж туслахаа илэрхийлсэн. Том зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө манай хамт олон итгэл дүүрэн ажиллаж байна.

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэ сургалт анхны эхлэл, алхам нь болж байна. Авлига, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр манай улсын хууль хяналтын байгууллагын ажилтнууд, Монголбанкны санхүүгийн мэргэжилтнүүд нэг дор цугларч, царай царайгаа харалцаж, энэ талын үйл ажиллагааг явуулахад бид нэг гэр бүл шүү гэдэг ойлголтыг төрүүлж чадсан болов уу. Бидний уулзах ёстой цэг бол манай энэ төв юм гэх төсөөллийг та нөхдөд төрүүлсэн байх гэж найдаж байна.

Энэ цаг үе нэлээд онцлогтой. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эрүүгийн шинэ хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэн. Ямар чиглэлээр шалгалт явуулж, нотлох баримт цуглуулах ёстой талаар прокуророос өгсөн даалгаврыг Монголын хуулийн байгууллагууд хэрэгжүүлэхээр болсон. Өөр шинэ орчин руу шилжиж орж байна. Хуучнаасаа салж байгаа болон шинэ хэв маягт суралцаж эхлэх энэ цаг үетэй “Олон улсын болон үндэсний түвшинд авлига, мөнгө угаахтай тэмцэх нь” сургалт давхцсанаараа онцлогтой. УИХ-ын намрын чуулганаар Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг дээр хуулийн байгууллагын удирдлагууд, төлөөлөл уулзаж, шинээр хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хууль тогтоомжийн болох, болохгүй асуудлаар ярилцана. Хэрвээ болохгүй зүйл байгаа бол өөрчлөлт оруулахаар тохирсон зүйл бий. Үүний өмнө гадаадын туршлагаас судлан үзээд зарим нэмэлт, өөрчлөлтийг хийх шаардлагатай. Санхүүгийн чиглэлийн байгууллагуудыг оролцуулах, ажиллуулах гэх мэт ижил төстэй үйл ажиллагаа байгаа учраас энэ эхлэлээ бид цаашид зоригтой, далайцтай өргөжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтийг хийж байна.

Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсад улс төрийн халуун бай болоод байгаа оффшор бүс дэх хөрөнгө, хууль бус үйлдэлтэй тэмцэх, хэрвээ хууль ёсны бол яаж хамгаалах вэ гэдэгт чиглэсэн хуулийг манай улс 4 дүгээр сарын 13-ны өдөр баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд бид юуг анхаарах ёстой вэ, хууль ёсны хөрөнгийг яаж хамгаалах ёстой вэ, харин хууль бус үйлдэлтэй тэмцэхийн тулд дахиж хэрхэн хамтран ажиллах вэ. Үүн дээр ноён Эрнэстогийн хэлсэн санааг бүрэн дэмжиж байна. Бидэнд Интерполтой хамтран ажилласан туршлага байгаа ч гэсэн урьд өмнөх хамтын ажиллагаандаа энэ удаад шинэчлэл хийх шаардлагатай болжээ. Энэ чиглэлээр бодитой алхам хийж, иргэдийн шаардаад байгаа, нийгмийн бухимдаад байгаа оффшортой холбоотой асуудлуудаар ажиллахын тулд эхний уулзалт хэлэлцээрийг хийгээд байна. Цаашид яаж бэхжүүлэхээ ч ярилцсан. Энэ ажилд бодитой алхам хийх цаг болсон. Бодитой харилцъя, хамтаръя. Энэ ондоо багтаан дахин хамтран үйл ажиллагаа зохион байгуулах талаар ноён Роел Жансенс Танд албан ёсоор хүсэлтээ тавьж байна.

Та бүхэнд баярлалаа. Дараа дараагийн сургалтуудад мөн идэвхтэй оролцоорой. Эндээс сонсоод өнгөрөх биш сонссон, мэдсэн зүйлээ ажил хэрэгтээ бүтээлчээр ашиглаж, бодитой үр дүн гаргаарай. Амжилт хүсье.  

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us