Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажилласан дүнг хэлэлцлээ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг таниулах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлагуудад ажилласан дүнгээ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнөөдөр тус газрын “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын ахалсан ажлын хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2015-2017 оны хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлсэнтэй танилцсан юм.
Яам, харьяа агентлагийн хувьд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилсон, илт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, халаа сэлгээ их хийгддэг, гадаад томилолтын зардлыг хэтрүүлж олгосон, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулсан гэх боловч холбогдох баримт бичиг нь байгаагүй зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.
Тайланг хэлэлцүүлэхэд оролцсон Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба “Эдгээр зөрчлүүдийг цаашид дахин давтахгүй байхад онцгой анхаарч ажиллаарай. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдийн яам, агентлагт ажилласан тайланг хэлэлцүүлэхэд Төрийн албаны зөвлөлөөс төлөөллөө оролцуулж байгаа нь бид өөрсдийнхөө томилсон төрийн албан хаагчдыг ямар түвшинд ажиллаж байгаатай танилцах зорилготой юм. Төрийн албаны зөвлөл зөвхөн сонгон шалгаруулалт хийж томилдог байгууллага биш. Томилогдсоныхоо дараа хуулийг хэрхэн сахин биелүүлж байна вэ, салбараа хэрхэн удирдаж байна вэ гэдгийг бид бас хянаж байгаа” гэж хэлэв. Ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат тус яаманд гүйцэтгэлийн аудитаар илэрсэн 4 төрлийн актыг танилцуулаад эдгээр нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж байгаагаа мэдэгдлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон тус яамны харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс гаргасан санал, зөвлөмжийг хэрэгжүүлж, цаашид энэ чиглэлийн зөрчил, дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв.