Авлигатай тэмцэх газрын албан хаагчид сургалтад хамрагдав
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.5.7-д шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд авлигатай тэмцэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан билээ.
Уг заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос Авлигатай тэмцэх газрын мөрдөгч болон бусад албан хаагчдад “Санхүүгийн зах зээл” сэдэвт сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд “Олон нийтийн төв”-д зохион байгуулав.
Сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлэхдээ “Авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах явцад санхүүгийн сайн мэдлэг, цогц ойлголт нэн шаардлагатай байдаг бөгөөд энэхүү нарийн төвөгтэй ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ сургалт чухал ач холбогдолтой” гэв. Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Бид сургалтын агуулга, хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны онцлог, чиг үүрэгт нийцүүлэхийг эрмэлзсэн. Энэ бол манай байгууллагын зүгээс төрийн байгууллагуудад хийж байгаа анхны мэргэжлийн сургалт юм” гэдгийг тэмдэглэв.
Санхүүгийн зохицуулах хороо “Монголын хөрөнгийн зах зээл ба түүний зохицуулалтын орчин”, “Даатгалын тухай ойлголт, бүтээгдэхүүн, үйлчилгээ”, “Санхүүгийн зах зээл дээрх хяналт шалгалт”, “Санхүүгийн зах зээл дэх мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт”, “Технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ: блокчэйн систем ба биткойн” зэрэг сэдвийг онцлон, хэлэлцүүлэг өрнүүлэв.