Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Зөвлөмж өгөв
Авлигатай тэмцэх газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад өнөөдөр Зөвлөмж өглөө.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгүүд төрийн бүх шатны байгууллагууд 2015, 2016, 2017 оны I улирлын байдлаар авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан юм. Авлигатай тэмцэх газар шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулсан бөгөөд уг Зөвлөмжийг яам, агентлагт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Хамгийн эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад нийт 14 чиглэл бүхий Зөвлөмжийг Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөр, Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан, ахлах комиссар В.Энхтүвшин нар гардуулан өглөө.
Зөвлөмжид ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын захирлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох, боловсролын байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг батлах, суралцагчдад ногдох хувьсах зардлын хэмжээг үндэслэлтэй, оновчтой болгон тогтоох, хууль бусаар олгогдсон хувьсах зардлыг төсөвт буцаан төвлөрүүүлэх арга хэмжээ авах, Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх, зээлийн сангийн санхүүжилтээр суралцагчдыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, шинжээчдийн багийн төлөөлөлтэйгээр сонгон шалгаруулж, олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох, улсын хилээр соёлын өв нэвтрүүлэх чиглэлээр яамны гүйцэтгэх үүрэг, тавих хяналтыг сайжруулах, үнэт олдворын үнэлгээ, чанарыг тодорхойлох жишиг тогтоон мөрдүүлэх, улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгажээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Зөвлөмжийг хүлээн аваад “Монгол Улсын төрөөс авлигатай тэмцэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагууд онцгойлон анхаарах ёстой. Боловсролын салбар бол нийгэмд авлигын эрсдэлтэй гэж тооцогддог. Тиймээс бид мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана” гэлээ.