ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН ҮЕЭР ХЭН ЮУ ХЭЛЭВ?
Авлигатай тэмцэх газрын санаачилгаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорууд, Авлигатай тэмцэх газрын болон Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нар, мөн Монголбанкны санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулсан “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтын үеэр хүмүүсийн хэлсэн ишлэл үгсийг онцолж байна.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал:
-Энэ сургалт бол манай байгууллагын ойрын жилүүдэд тавьж байгаа зорилтыг
хэрэгжүүлэхэд том тус дэм боллоо. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг өөр түвшинд, шинэ шатанд гаргахыг бид зорьж байгаа. Авлигатай хийх тэмцлийг иргэд, олон нийтийн хяналтад оруулж, тэдний тусламжтайгаар үйл ажиллагаагаа бусад хөгжингүй орны түвшинд хүргэе гэсэн том зорилтыг бид тавьсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн жил УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Цаашид бид “Зүүн Өмнөд Азийн бүсийн сургалтын төв” байгуулах зорилт өмнөө мөн тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Авлигын эсрэг олон улсын академи дэмжиж туслахаа илэрхийлсэн. Том зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө манай хамт олон итгэл дүүрэн ажиллаж байна.
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэ сургалт анхны эхлэл, алхам нь болж байна. Авлига, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр манай улсын хууль хяналтын байгууллагын ажилтнууд, Монголбанкны санхүүгийн мэргэжилтнүүд нэг дор цугларч, царай царайгаа харалцаж, энэ талын үйл ажиллагааг явуулахад бид нэг гэр бүл шүү гэдэг ойлголтыг төрүүлж чадсан болов уу. Бидний уулзах ёстой цэг бол манай энэ төв юм гэх төсөөллийг та нөхдөд төрүүлсэн байх гэж найдаж байна.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх Роел Жансенс:
-Манай байгууллага 57 орны гишүүнчлэлтэй. Монгол Улстай авлигатай тэмцэх
чиглэлээр хамтран ажиллах хүрээнд ахиц гарсан гэж үздэг. Монгол Улсын хувьд төрийн албан хаагчийн гадаад оронд оффшор данс, компани эзэмшихийг хориглох чиглэлд нэлээд ахицтай ажиллаж байна гэж дүгнэлээ. Цаашлаад залилангийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа чиглэлээр Их Британийн туршлагыг судална. Мөнгө угаах нь нарийн түвэгтэй бөгөөд нэг улс дангаараа тэмцээд дийлэхгүй явдал. Олон улсын төдийгүй олон талын хамтын ажиллагаа байдаг учраас прокурор, Авлигатай тэмцэх газар болон цагдаа, мөн Төвбанкны албан хаагчдад энэ сургалтыг зориулж байгаа юм.
УПЕГ-ын Хяналтын прокурор Г.Оюунболд:
-Шинэ эрүүгийн хууль, холбогдох тогтоомжийг батлаад хоёр сар гаруйн хугацаа
өнгөрчээ. Авлига, мөнгө угаах зэрэг эдийн засгийн гэмт хэргийг уг хуульд шинээр оруулсан. Хуулийн хэрэгжилтийн хувьд дөнгөж эхэлж байгаа учраас хуульч, хууль сахиулагчдыг чадавхжуулах зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа мөрдөх ажиллагаа болон бусад мэргэжилтний ур чадварыг сайжруулах ёстой. Эрх зүйн орчны хувьд орчин үеийн гэрээ конвенц, бусад хууль тогтоомж нь нэлээд тодорхой болсон. Энэ онд баталсан эрүүгийн хуулиар хуучин социалист чиг баримжаатай байсан аж ахуйн эсрэг хэрэг гэдэг зүйл эдийн засгийн эсрэг гэмт хэрэг болсон. Тэгэхээр дэлхий дахинд онцлон ярьж буй эдийн засгийн болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй манай мэргэжилтнүүд тэмцэх чадвартай байх ёстой.
Хамгийн гол нь уг хэргийг нотлох ур чадварыг нь сайжруулж байж бид нууц далд аргаар үйлддэг эдийн засгийн хэргийг шударга ёсны шүүлтүүрээр оруулна. Наад зах нь мөнгө угаах, терроризм, авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд хаана, хэрхэн ханддаг талаар ойлголттой байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, дам сургаар ярьдаг бус нотолдог ур чадвараа сайжруулах шаардлагатай байна.
Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн Эрнэсто Андрес:
-Эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн чухал алхам бол урьдчилан сэргийлэх
асуудал, олон улсын хамтын ажиллагаа байдаг. Тухайлбал, манай Интерпол байгууллага нь мэдээлэл солилцох орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ орчныг ашиглан улс орнууд мэдээлэл солилцох боломжтой. Мөнгө угаах явдал нь олон улс оролцсон нарийн түвэгтэй асуудал байдаг. Маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан ажил. Тэр дундаа гадаад улс оронд мөрдөн байцаалт явуулна гэдэг амаргүй. Энэ ажлыг амжилттай хийхийн тулд мэдээлэл солилцох, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сургалт зохион байгуулах, хамтран ажиллах нь маш чухал юм.
Оффшор бүс дэх хөрөнгийг хэн дуртай нь очоод авчихдаг асуудал биш. Учир нь энэ хөрөнгө бол өөрөө нуусан хөрөнгө. Эзэн нь нууж хадгалах зорилготой хийсэн учраас нэг улсын ерөнхийлөгч хүслээ гээд улсынх нь иргэдийн мэдээллийг ил болгочихдог асуудал биш юм.
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням:
-Оффшор бүсээс та бүхэн хөрөнгөө сайн дураар оруулж ирээч ээ гэхээс илүү тухайн
бүсэд байгуулсан компани, байршуулсан хөрөнгийг оруулж ирэх, царцаах нь дан ганц манай улсын хууль тогтоомжоор хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа тул олон улсын ижил төстэй байгууллагуудаас мэдээ мэдээллийг түргэн шуурхай авч солилцох, нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх, улмаар асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн гарцыг хайж бид энэ төрлийн сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр гадагшаа хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн буцаан авчрах вэ, олон улсын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах вэ, мэдээллээ ямар байдлаар солилцох боломжтой вэ, авч болох сувгуудыг нээж, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх боломж байна уу гэх мэтээр ярилцаж байна.
Эрүүгийн хэрэг дээр харилцан туслалцах эрх зүйн харилцан туслалцааны гэрээг улс хооронд, Засгийн газрын түвшинд байгуулах шаардлага нэн түрүүнд тавигдаж байна. Тухайн улс орноос мэдээлэл авъя гэхэд эрх зүйн харилцан туслалцааны гэрээний үндсэн дээр та бүхэнтэй харилцана аа гэдэг. Тэр гэрээ нь хоёр улсын хооронд байгуулагдаагүй тохиолдолд тодорхой хэмжээний гацаа үүсгэх гэдэг юм уу хүндрэл бэрхшээл болж байгаа асуудал бий.
МҮОНТ-ийн тоймч, сэтгүүлч Ж.Алтангэрэл:
-Манай улсын хувьд авлигатай тэмцэх чиглэлээр бодлого, эрх зүйн тодорхой
зохицуулалтыг хийсэн. Авлигатай тэмцэх бие даасан байгууллага бий болгосон. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг тодорхой үе шат, хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа. Зарим талаар нааштай эерэг үр дүн гарсан, авлигын ерөнхий үзүүлэлтийн хувьд харьцангуй өөрчлөлт гарч байгаа гэж олон улсын байгууллагууд үзэж байна. Цаашдаа ч мөн нааштай ахиц өөрчлөлт гарна гэдэгт талууд үзэж байгаа. Энэ удаа Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулсан семинарын үеэр хөндөгдөж байгаа гол үндсэн асуудал бол авлига болон мөнгө угаах явдалтай тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах вэ, олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж байж яаж бодитой өөрчлөлт, ахиц дэвшлийг бий болгох вэ гэдэгт чиглэж байгаа. Энэ удаагийн сургал семинарт прокурорын байгууллага, авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын мөрдөгч нар, төв банкны албан хаагчид хамрагдаж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Интерполын Авлигатай тэмцэх сүлжээ, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжилтнүүд оролцож, талууд харилцан мэдлэг туршлагаа солилцох хүрээнд зохион байгуулж байгаа юм байна. Олон улсын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол мөнгө угаах явдал нь нарийн түвэгтэй. Авлигатай ганц улс орон дангаараа тэмцээд дийлэхгүй, тийм учраас олон улсын төдийгүй олон талын хамтын ажиллагаа байх ёстой гэж байр сууриа илэрхийлж байна.