148 НЭР ДЭВШИГЧИЙН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ
Авлигатай тэмцэх газар 2017 оны 08 дугаар сарын 07-ний өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 60 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт 148 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 125, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 9, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 13 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан бол тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 88 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Инженер хайгуул, мониторинг, мониторингийн хэлтсийн Инженер геологи, хот суурин газрын мониторинг, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан 3 дугаар багийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Э.Бямбахүү, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Энхсайхан нарын зэрэг 125 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн банк, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.