Jul 06, 2009         8

Албан тушаалын гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд эрх зүйн төгс орчин үгүйлэгдэж байна /2009.07.06/

Авлигатай тэмцэх газар 2007 оны 9 дүгээр сараас эхлэн хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, өнгөрсөн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 1202 гомдол, мэдээлэл хүлээн авч, 318 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулаад байна. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн 113-ыг нь буюу 35.5 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлж, өнөөдрийн байдлаар 40 эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг бүхэн “ногоон гэрлээр” шийдвэрлэгддэггүй гэдгийг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй. Тэр тусмаа энгийн ойлголтоор бол авсан, өгсөн тал аль аль нь сэтгэл ханамжтай үлддэг, хөндлөнгийн гэрчгүй гэгдэх авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хууль эрх зүйн төгс орчин бүрдээгүй байгаа нь энэ төрлийн хэргийг шалгаж шийдвэрлэхэд хүндрэл учруулж буй юм.

Ялангуяа Эрүүгийн хуулийн зүйл, заалтууд нь нэг мөр болоогүй, авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зоригтой эсэх нь ойлгомжгүй, эрх зүйн орчин бүрхэг манайх шиг улс оронд албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах нь бороон дундуур хуурай өвс хайхтай адил амаргүй бөгөөд ярвигтай байгаа. Хэдийгээр бидэнд хуулийг шүүмжлэн, улмаар үл дагах эрх байхгүй боловч тэр бүрийг цаашид улам боловсронгуй болгох, өмнөө тулгамдсан асуудлыг хамтдаа ярилцан шийдвэрлэх боломж бий. Тиймээс хуульчийн хувиар өөрийн санал бодлоо илэрхийлэхийг хүсэв.

Юуны түрүүнд албан тушаалын гэмт хэргийн талаарх Эрүүгийн хуулийн зүйл, заалтуудыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, албан тушаалын гэмт хэргийн субъект хэн байх талаарх хуулийн тайлбар тодорхой биш байгаа. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд энэ нь зайлшгүй бодит бэрхшээл учруулж байгааг хэлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн тайлбарт “Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна” гэсэн бөгөөд мөн бүлэгт хуульчилсан гэмт хэргүүдийг авч үзвэл тэдгээрт төрийн албан тушаалтнаас гадна “төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан”, “албан тушаалтан” гэсэн өөр өөр нэр томъёолол бий. Эдгээрийн дотор хууль тогтоогчийн хийсэн хэтэрхий ерөнхий тайлбарын дагуу төрийн албан тушаалтан гэдэгт хамаарах гүйцэтгэх албан тушаалтан болох багш, эмч зэрэг албан тушаалтнууд албан тушаалын гэмт хэргийн субъект болох уу үгүй юу гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай байна.

Албан тушаалтан хээл хахууль авах гэмт хэргийн тухайд албан үүрэгт ажлаа хэрэгжүүлэх явцдаа буюу хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгтэйгээ холбоотойгоор бусад этгээдээс мөнгө, бусад эд зүйлийг авсан тохиолдол өнгөрсөн хугацаанд цөөнгүй тогтоогдсон. Тухайлбал СХД-ийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Э нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хэргийн хохирогчоос “холбоо барих утас байхгүй” гэх нэрийдлээр 120 мянган төгрөгийг гаргуулж авсан, нийслэлийн нэгэн дунд сургуулийн захирал Ч нь иргэн Н-ийг сургуулийн няравын ажилд авахдаа 300 мянган төгрөг авсан зэрэг шиг тохиолдол олон бүртгэгдсэн хэдий ч тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан “…хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийгээгүй”, харин өөрийн албаны эрх мэдлийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдын ивээлийг хүртсэн нэрийдлээр гэмт хэргийн шинжийг хангахгүй байдалд хүрч байна. Тиймээс ийм тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн механизмыг бүрдүүлэх буюу албан үүргээ хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлсний хариуд аливаа давуу байдлыг хүртэх явдлыг шинэ төрлийн гэмт хэрэгт хуульчлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Авлигын сүлжээ төрийн албаны бүх салбарыг аалзны тор мэт хэрсэн, хээл хахууль хэтэрхий өргөн тархсан, төрийн үйлчилгээг гар цайлгахгүйгээр хүртэх боломжгүй болсон зэргээр олон нийт дүгнэдэг явдал нь дээрх хуулийн зохицуулалт, хэм хэмжээ дутуугаас гэмт хэргийг гэмт хэрэг бишид тооцож, хариуцлага хүлээлгэх боломжгүй болж байгаатай шууд холбоотой.

Тиймээс албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн байдал, түүний нийгмийн хор аюулын хэмжээнд дүгнэлт хийлгүйгээр хээл хахуулийн хэмжээг урьтал болгож хээл хахуулийн гэмт хэргийг гэмт хэрэг бишид тооцож шийдвэрлэх тохиолдол гарч болзошгүйг цаашид анхаарч нэг мөр ойлгох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 23 дугаар тогтоолд талбарласны дагуу хээл хахууль гэдгийг дан ганц мөнгө, үнэ бүхий эд зүйлээр хязгаарлахгүй, харин хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тухайн албан тушаалтны эдийн засгийн, эрх зүйн болон бусад хувийн байдлыг дээрдүүлж буй бүхий л давуу байдал, үйлчилгээг хамааруулж ойлгох, түүний хэмжээг тухайн эд хөрөнгө, үйлчилгээний хамгийн бага үнэлэмжээс эхэлж тооцож байх нь хээл хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэх, хэтдээ учрах хор хохирлоос урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Гэтэл Нийслэлийн нэгэн дүүргийн Онцгой байдлын албаны байцаагч С нь хариуцсан дүүрэгт нь үйл ажиллагаа явуулдаг “Петровис” ХХК-ний шатахуун түгээгүүрийн галын аюулгүй байдлыг шалгах явцдаа аюулгүй байдлыг хангаагүй зөрчил илрүүлсэн хэдий ч зохих журмын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авалгүй гар утасны 15 мянган төгрөгийн нэгж, 5 литр шатахуун зэргийг авсан байна. Уг албан хаагч нь албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас аливаа осол гарах, түүний улмаас утасны нэгж, 5 литр шатахууны үнэтэй харьцуулшгүй их хор хохирол учрах аюултайг эс тооцон гагцхүү авсан хээл хахуулийн хэмжээнд дүгнэлт хийж, түүнийг болон шатахуун түгээгүүрийн ажилтныг эрүүгийн хариуцлагад таталгүй орхиж байгаа шиг явдлыг бид эргэж нэг харах цаг болжээ.

Хээл хахуулийн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “их буюу онц их хэмжээний хээл хахууль” гэдгийг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлох тухай зохицуулалттай дүйцүүлэн хэрэглэж байгаа нь хуулийг төсөөтэй хэрэглэж байгаа буруу практик юм. Иймд Эрүүгийн хууль дахь хохирол, хээл хахууль, орлого зэрэг томьёоллын хэмжээг тодорхойлсон зохицуулалтыг боловсронгуй болгох, эсвэл хээл хахуулийн хэмжээний талаарх албан ёсны тайлбар гаргах шаардлагатай хэвээр байна.

Түүнчлэн, хээл хахуулийг “өөрөө, эсвэл бусдаар дамжуулан авах“ гэдэг томъёоллыг өөрчлөх шаардлагатай байна. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлалыг авч үзвэл “Хээл хахууль өгөх, зуучлах” гэмт хэргүүдийг гэмт хэргийн нэг бүрэлдэхүүн байсныг салгаж, хоёр тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүн бүхий гэмт хэрэг болгон хуульчилжээ. Үүнтэй холбоотойгоор “бусдаар дамжуулан авах” гэсэн томъёоллыг хээл хахууль авах бүрэлдэхүүнд шинээр тусгасан нь гагцхүү зуучлагчаар дамжуулан авахаар хязгаарлагдсаныг анхаарах ёстой. Монгол Улсын Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болдоггүй тул тухайн албан тушаалтны эцэг, эх, төрөл садан хууль бус ивээлийг хүртсэн тохиолдолд ял завших нөхцөл бүрдсэн нь энэ байдлаар харагдаж байна.

2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлээс “албан тушаалаа ашиглан” гэсэн хэсгийг хассанаас хойш албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэргийг өмчлөх эрхийн гэмт хэргээс ялгаж зүйлчлэх талаарх шүүхийн эрс тэс практик тогтов. Тухайлбал Нийслэлийн нэгэн дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, нагтлан бодогчоор ажиллаж байсан П, Р нар хэлтэстээ “Нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхэд зориулагдан төсөвлөсөн 20 сая төгрөгөөс тавилга авах нэрийдлээр аж ахуйн нэгжийн дансаар нийт 10.6 сая төгрөгийг гаргуулан бүлэглэн завшсан үйлдэлд прокурор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлээр яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх “П,Р нар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хуулийн дээрх өөрчлөлтөөр албан тушаалын байдлаа урвуулж бусдын эд хөрөнгийг авах үйлдлийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор өөрчилсөн” гэж дүгнэн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл болгон хөнгөрүүлж, торгох ял шийтгэсэн байхад өөр нэг тохиолдолд эсрэгээр нь шийдвэрлэсэн байх жишээтэй. Иймд байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч нар аливаа гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр буюу түүнээс дээш зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нийлмэл гэмт хэрэгт тооцож, гэмт хэрэг бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тухай зохицуулалтыг үйл ажиллагаандаа хэрэглэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нэг бүрт, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял шийтгэж байх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл болно.

Хуульчид, тэр дундаа эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэгч субьектүүд нь хуулийн нэг мөр ойлголттой байж, Монгол Улсын Үндсэн хуулийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг алдагдуулахгүй ажиллахад анхаарах хэрэгтэйг дурьдах нь зүйтэй болов уу. Аливаа тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ял завших нөхцөл бүрдүүлэх нь нийгмийн шударга ёсны дархлааг улам бүр хэврэгшүүлж байгаагаараа хамгийн аюултай бөгөөд хор хохиролтой юм.

Авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгахад учирч байгаа хамгийн төвөгтэй бөгөөд Авлигатай тэмцэх газраас үл хамаарах нэг бэрхшээл бол хуулийг үл хэрэгжүүлж буй дутагдал боллоо. Тодруулбал, улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх хүсэл зориг нь хууль тогтоох түвшинд авч үзвэл шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж, гүйцэтгэх засаглалын хувьд хуулийг нэг мөр дагаж мөрдүүлэхэд анхаарах явдал билээ. Гэтэл Улсын Их Хурлын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын тавьсан саналыг УИХ нь хүлээн авч зохих журмын дагуу хуулиар тогтоосон хугацаанд нь шийдвэрлэдэггүй, Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Эрүүгийн хэргийн яллагдачийг буюу гэмт хэрэг үйлдсэн тухай хангалттай баримтыг хуулийн байгууллагаас тогтоосон этгээдүүдийг сонгогдогчийн нэрсийн жагсаалтаас хасдаггүй. Энэ байдал авлига, албан тушаалын хэргийг шалгахад хүндрэл учруулдаг.

Авлигын хэргийг дан ганц хээл хахууль төдийхнөөр ойлголгүй, албан тушаалын гэмт хэргийг улстөржсөн талцал дунд хэрэг биш болгон замхруулалгүйгээр шийдвэрлэх нь нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болох учиртай билээ. Үүний тулд авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зоригоо илэрхийлж, эрх зүйн төгс төгөлдөр орчинг нэн яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна.
 

Э.АМАРБАТ
/Авлигатай тэмцэх газрын
Мөрдөн шалгах хэлтсийн дарга,
эрхэлсэн комиссар/

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us