366 ИРГЭНИЙ УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ
Авлигатай тэмцэх газар 2017 оны 04 дүгээр сарын 17-21-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 143 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 366 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт 179 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 141 нь зөрчилгүй байсан бол 18-ийг нь буцааж, 18-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 187 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт гистологийн шинжээчээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Долгормаа, Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 2 дугаар ангийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Батхүү, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 28 дугаар хорооны улсын бүртгэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Янжинжаргал нарын зэрэг 366 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 18 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 18 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.