Афганистаны Эрүүл мэндийн сайд авлигын хэрэгт холбогдож албан тушаалаас огцорчээ
Афганистаны Эрүүл мэндийн сайдын дүү болон хэд хэдэн хамаатан садан авлигын гэмт хэрэгт холбогдсон тул сайдыг албан тушаалаас нь огцруулсан талаар 12 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Дава Хан Менапал нь Эрүүл мэндийн сайд Ахмад Жавад Усмани албан тушаалаас огцорсон талаар хэвлэл мэдээллийн “Анадолу” агентлагт мэдээлжээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд Эрүүл мэндийн сайдын огцрох хүсэлтийг зөвшөөрсөн тухай Ерөнхийлөгч Мохаммад Ашраф Ганийн зарлиг цацагдсан байна.
Эрүүл мэндийн яамны дөрвөн албан хаагч яамны ажилчдаас хахууль авсан гэмт хэрэгт холбогдон баривчлагдсан талаар Ерөнхий прокурорын газраас мэдэгдсэнээс хойш 4 хоногийн дараа Эрүүл мэндийн сайдын огцорсон тухай мэдээлэл нийтэд цацагджээ.
Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Жамшид Расулигийн мэдээлснээр тус албан хаагчдыг Хяналт, шалгалтын хэлтсээс баривчилсан бөгөөд одоогоор цагдан хоригдож байгаа гэв. Цагдан хоригдсон албан хаагчдын мэдээллийг одоогоор нийтэд зарлаагүй байна.
Гэвч орон нутгийн радио “Салам Афганистан”-гийн мэдээлснээр тус цагдан хоригдож буй албан хаагчид нь Эрүүл мэндийн сайдын дүү болон үеэл байсан гэв.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч түүнийг огцрохыг шаардсан талаар Эрүүл мэндийн сайд асан Усмани мэдээлжээ. Түүнчлэн “Ерөнхийлөгч намайг өчигдөр албан тушаалаас огцрохыг хүссэн. Хэдийгээр Ерөнхийлөгчид миний бие үргэлжлүүлэн ажиллахад аливаа хууль, эрх зүйн саад бэрхшээл тулгарахгүй талаар мэдэгдсэн боловч өнөөдөр намайг албан тушаалаас огцрохыг шаардлаа. Миний бие огцох хүсэлт өгөөгүй боловч Ерөнхийлөгчийн Тамгын газраас намайг Эрүүл мэндийн сайдын албан тушаалаас огцруулсан шийдвэрийг баталсан талаар албан бичиг ирлээ. Үүнийг миний бие улс төрийн хуйвалдаан гэж үзэж байна.” хэмээн Усмани мэдэгдэв.
Энэ долоо хоногийн эхээр Афганистаны хуулийн байгууллагаас Парламентын Авлигатай тэмцэх хорооны гурван гишүүнийг 40 мянган ам.долларын хахууль авсан хэрэгт холбогдуулан баривчилсан тухай мэдээлжээ. Транспэрэнси Интернэшнл байгууллагаас эрхлэн гаргадаг Авлигын төсөөллийг индексэд дурдсанаар Афганистан Улс нь хамгийн их авлигатай улс орны жагсаалтын тавдугаар байранд эрэмбэлэгдэж байна.