Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээний хэрэгжилтийн талаарх танилцуулга.
Ерөнхий сайдын 2008 оны 9 дүгээр захирамжаар байгуулагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, ЗГХЭГ-ын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг 25 байгууллага буюу бүх яам, зарим Засгийн газрын агентлагт Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалган, үнэлэлт өгч дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан билээ.
Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулсаны дараа Засгийн газраас Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд үндэслэн бодитой, үр дүнд хүрэхүйцээр төлөвлөж, хэрэгжилтийг үнэлэхэд шаардлагатай шалгуурыг тогтоох, тайлагналтыг сайжруулах, уг төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх ажлыг салбарын хэмжээний болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд хэвшүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт үүрэг болгосон болно.
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны арга хэмжээний нэг нь Засгийн газар шинэчлэн байгуулагдсан, зарим агентлагийн удирдлага шинээр томилогдсон, шинээр агентлаг байгуулагдсантай холбогдуулан яам, агентлагийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд сургалт хийх ажил бөгөөд ЗГХЭГ, АТГ, Азийн сан хамтран энэ оны 4 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд “Авлигын эсрэг төлөвлөлтийг сайжруулах нь” сэдэвт сургалт семинарыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг оролцуулан зохион байгууллаа.
Сургалт семинарын үеэр ЗГХЭГ-ын даргын тушаалаар зохион байгуулсан ажлын хэсгийн хйсэн шалгалтын дүнг яам, агентлагийн удирдлагуудад танилцуулж, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт болон цаашид сайжруулах арга замын талаар 2 өдрийн турш хэлэлцлээ.
Яам, агентлагын удирдлагууд сургалт семинарын явцад яам, агентлагийн түвшинд
- Ёс зүйтэй манлайлал
- Хувь хүний шударга байдал
- Тогтолцооны шударга байдал
- Мониторинг, таслан зогсоох
гэсэн 4 тулгуурт авлигын эсрэг төлөвлөгөөний загвар боловсруулахаар ярилцан, энэ чиглэлээр олон улсын зөвлөхүүд сургалт явуулан, яам, агентлагийн удирдлагууд 2 багт хуваагдаж өөрдсийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны загвар төлөвлөгөөг гаргаж яамдын дэд сайд нарт танилцуулав. Боловсруулсан төлөвлөгөөгөө яам, агентлаг бүр өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулж хэрэгжүүлэх юм.
Сургалт семинарт оролцогчид төрийн албанд сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хууль баталж мөрдүүлэх, сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргах тогтолцоог бүрдүүлэх, яам агентлаг бүр өөрсдийн онцлог бүхий ёс зүйн дүрэмтэй болж, түүнийгээ мөрдөх, авлигад өртөх эрсдэлтэй ажил үйлчилгээ, түүнтэй холбоотой дүрэм журамд хяналт үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах, ажил үйлчилгээг цаг хугацааны хэмжүүртэй болгож, ил тод мэдээлэх, үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг цахим хэлбэрт оруулж, нээлттэй болгох, ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд шударга ёсны шалгуурыг тогтоох мөрдүүлэх талаар тусгах, төрийн үйлчилгээг авч байгаа хэрэглэгчдийн зүгээс тухайн төрийн байгууллагын ажил үйлчилгээг үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчдыг сэлгэн ажиллуулах, ажилд авах, албан тушаал дэвшүүлэх үйл явцыг нээлттэй байлгах зэрэг олон санал санаачилгуудыг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхээр авлигын эсрэг хийх ажлын төлөвлөгөөндөө тусгаж өгсөн.
Үүний зэрэгцээ НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн үндсэн зарчмууд, Монгол улсын эрх зүйн орчны нийцэл асуудлаар НҮБ-ын төлөөлөгч илтгэл тавьж, Монгол Улсын эрх зүйн орчин НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид нийцэж буй эсэх, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар ярилцав.
Авлигын эсрэг төлөвлөгөөнд нийтэд ил тод байх ёстой бөгөөд хэрэгжилтэд ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн хамтран хяналт тавих боломжтой талаар олон улсын зөвлөхүүд зөвлөж байв.
ЗГХЭГ, АТГ-ын хамтран явуулсан шалгалтын дүн, сургалт семинарын ач холбогдлын талаар 4 дүгээр сарын 20-нд Төрийн ордонд Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангав.
Ажлын хэсэг