Авлигын эсрэг олон улсын академи Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэв
Улаанбаатар хотод 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан өндөр түвшний уулзалтын арга хэмжээнд Авлигын эсрэг олон улсын академийг төлөөлж ноён Абу Кассим бин Мохамед оролцсон нь Авлигын эсрэг олон улсын академи болон Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын хоорондын харилцааг илүү гүнзгийрүүлсэн алхам боллоо.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 10 жилийн ойн баярын хуралд Авлигын эсрэг олон улсын академийн сайн дурын зочин-мэргэжилтнээр ажилладаг ноён Бин Мохамед оролцож, илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Авлигатай тэмцэх газар болон Авлигын эсрэг олон улсын академи хамтран авлигатай тэмцэх чиглэлээр сургалт зохион байгуулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, байгууллагын чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр ажиллах бүрэн боломжтой гэж мэдэгдсэн.
Мөн тэрээр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон тус газрын удирдах түвшний албан хаагчидтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Авлигатай тэмцэх газрын дэргэд байгуулагдах Олон нийтийн хяналтын дэд зөвлөлтэй холбоотой зөвлөмж, саналыг Авлигын эсрэг олон улсын академи өгч байгаа болно.
Монгол Улс Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгох тухай хэлэлцээрт 2013 оны 6 дугаар сард нэгдэн орж, тэр жилийнхээ 8 дугаар сард Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг олон улсын академитай авлигатай тэмцэх чиглэлээр харилцан ойлголцлолын санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн дагуу олон төрлийн хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ.
Ноён Бин Мохамед нь Авлигын эсрэг олон улсын академийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд өмнө нь Малайз Улсын Авлигын эсрэг хорооны даргаар ажиллаж байв.