Мэндчилгээ
Эрхэм танд айлчлан ирж буй арвандолдугаар жарны алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын мэндийг дэвшүүлж айл хотлоороо амар амгалан, ураг төрлөөрөө удаан жаргалтай амьдрахын ерөөл өргөе.
Монгол Улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаас хойш өнгөрсөн нэгэн арваны хугацаанд нийгэмд авлигыг үл тэвчих үзэл санааг төлөвшүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн билээ.
Улиран одож буй улаагчин бичин жилийг манай байгууллага онцлох үйл явдал олонтой, хийсэн ажил арвинтай үдэж байна. Тэдгээрээс олон жил ярьсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлуулж, Авлигын эсрэг форумыг дөрвөн салбар хуралдаантайгаар үндэсний хэмжээнд зохион байгуулсныг онцлон дурдаж болох юм.
Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүхий л хүрээнд бий болгон хэвшүүлэх замаар авлига, хүнд суртлаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэхэд иргэн бүрийн оролцоо нэн чухал.
Ирж буй тахиа жилд авлигатай үйлчилгээнээс татгалзахыг иргэддээ уриалж, ийм үзэл санаа, хандлагыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх үйлстээ чин шударгаар хамтдаа зүтгэе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Х.ЭНХЖАРГАЛ